Нөөцийн мах бэлтгэж өгнө хэмээн 100 сая төгрөгийн гэрээ байгуулж, “Баатрууд тэнгэр” компаниас 34 сая төгрөг, “Соотон” компанитай 338 сая төгрөгийн гэрээ байгуулж, 124 сая төгрөгийг нь залилан авсан Х-д холбогдох хэргийг Хэнтий аймгийн Сум дундын нэгдүгээр шүүх шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х дээрх хоёр компанитай 2010 оны хавар гэрээ байгуулсан аж. Гэвч тэрбээр гэрээний үүргээ биелүүлэлгүй мөнгийг нь авч алга болсон бөгөөд хоёр жилийн дараа түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байна. Уг хэрэгт Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуульд зааснаар бусдын хөрөнгийг онц их хэмжээгээр залилан мэхэлж авсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүх хурлын үеэр шүүгдэгчийн 500 мянган төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 12 жил хорих санал гаргасан аж.
Харин шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Х-гээс 500 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 сар хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн “Баатрууд тэнгэр”, “Соотон” компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон байна.