Хил хамгаалах ерөнхий газраас хилийн боомтуудын ачааллыг багасгах үүднээс жил бүр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж буй билээ. Энэ удаад тус газраас гадаадын иргэдээр хилээр гарах хуудас бөглүүлж байсныг зогсоожээ. Энэ талаар ХХЕГ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаны хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхчулуунаас тодрууллаа.
-Гадаадын иргэдийг хилийн хуудас бөглүүлэхгүй байх шийдвэр гарчээ. Хэзээнээс хэрэгжиж эхлэв?
-2012 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлээд монгол иргэд Монгол Улсынхаа хилээр нэвтрэхдээ хилийн хуудас бөглөдөг байсныг больсон. Дэлхийн олон орны чиг хандлагыг судалж үзээд ийм шийдвэр гаргасан. Манай иргэд зөвхөн паспортаа шалгуулж, орж ирдэг болсон. Дэлхийн жишигт гадаадын иргэдийг өөрийн орон руу ороход нь л хилийн хуудас бөглүүлж авдаг юм билээ. Гарахад нь бичүүлдэггүй практик олон улсад бий. Тухайлбал, манай хөрш БНХАУ, БНСУ, Япон, Европын холбооны улсууд паспортыг нь шалгахаас өөрөөр хилийн хуудас бөглүүлдэггүй юм билээ. Тиймээс манай улсаас гарч байгаа гадаадын иргэдийг хилийн хуудас бөглүүлэхгүй байх шийдвэрийг тавдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхэлсэн. Хилийн боомтоор зорчих зорчигчдод аль болох түргэн шуурхай үйлчлэх, нэвтрүүлэх бодлогын үүднээс уг арга хэмжээг авлаа.
-Эдийн засгийн хувьд ч тодорхой хэмжээний хөрөнгө хэмнэж байгаа биз?
-Тэгэлгүй яах вэ. 2012 онд манай улсын хилээр дөрвөн сая гаруй хүн орж, гарсан байдаг. Үүний 80 хувь нь монголчууд. 20 орчим хувь нь буюу 800 мянга нь гадаадын иргэд байгаа. Энэ 800 мянган хүн ороод гарна гэхээр 400 мянган хилийн хуудас бөглөнө гэсэн үг. Үндсэндээ гурван сая ширхэг хилийн хуудас бичихгүй болж байгаа юм. Энэ хэмжээний хилийн хуудсыг бөглүүлэхгүй, хэвлүүлэхгүй байна гэдэг нь 30 гаруй сая төгрөг хэмнэнэ.
-Зуны амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбоотойгоор гадаадад хэлний бэлтгэлд явах хүүхдүүд олон болсон. Гэтэл хилээр насанд хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан. Үүнийг эргэж харах талаар ямар арга хэмжээ авч байгаа бол?
-Инчоны нисэх онгоцны буудалд насанд хүрээгүй хүүхэд харгалзах хүнгүйгээр олон цаг болсон дуулиан дэгдсэнтэй холбоотойгоор 16 хүртэлх насны хүүхдийг асран хамгаалагчтай явуулж байхаар болсон. Гэтэл гадаадад зусланд амрахаар явж байгаа, эсвэл хэлний сургуульд явах гэж буй хүүхдүүдэд энэ журам бэрхшээл учруулж байгаа тул цаашид зохицуулалт хийх талаар судалж байна.
-Зургадугаар сарын 1 гэхэд Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтын өргөтгөлийг ашиглалтад оруулах үүрэг Ерөнхий сайд тэнд ажиллахдаа өгсөн. Хэзээнээс ашиглалтад орох бол?
-Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтын өргөтгөлийг Гаалийн байгууллага хөрөнгийг нь хариуцаж энэ сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад оруулах үүргийг Ерөнхий сайд өгсөн ч харамсалтай нь амжсангүй. Энэ боомтод ажиллаж буй хилчид зорчигч, тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх чиглэлээр бололцоотой бүхнийг хийж ажиллаж байна.
-Бусад боомтуудад цагийн хуваарийн өөрчлөлт орсон гэсэн байх аа?
-Хөвсгөл аймгийн Ханхын боомтыг амралтгүй ажиллуулах болсон нь тус аймагт байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үр дүнгээ өгөх байх. Байгаль нуурт аялсан жуулчид Хөвсгөл нуураар аялах бүрэн боломжтой болсон гэсэн үг. Нүүрс тээвэрлэлт буурч байсан ч сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн “Оюутолгой” компани бүтээгдэхүүнээ удахгүй экспортод гаргах болж байгаатай холбогдуулан ГХЯ, ХХЕГ-аас бэлтгэл ажлыг хийж, хоёр талын шалган нэвтрүүлэх боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх бэлтгэл хийж байна. Манай талын бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Хоногт дунджаар 1500 тээврийн хэрэгсэл Гашуунсухайтын боомтоор нэвтрэх боломжтой болно.
Г.РАВЖАА