Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Тэ Ю Лин нарын гадаадын таван хүнд холбогдох хэргийг өнгөрсөн баасан гаригт хэлэлцжээ. Тэд олон улсад ашигладаг хуурамч “Master”, “Visa” төлбөрийн картаар 2012 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 12- ны хооронд 133.6 сая төгрөгийн бараа худалдан авсан хэрэгт холбогдсон юм. Тэ Ю Лин нь манай улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийг зааж өгөх, дагуулж явах, замчлах, авсан бараа бүтээгдэхүүнийг нь хадгалах зэргээр оролцсон байна.
Харин бусад нь 49 ширхэг хуурамч картаар “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хаан” банкаар дамжуулан гүйлгээ хийж, “Централ тауэр” худалдааны төвд байрлах “Hugo boss”, “Burberry” болон “Скайтел”, “Скай”, “Наран”, “Номин” компанийн зарим салбар дэлгүүрээс гар утас, цүнх, хувцас зэргийг худалдан авдаг байжээ. Гэмт этгээдүүд Худалдаа хөгжлийн банкинд 43.6 сая, “Голомт” банкинд 83.2 сая, “Хаан” банкинд 6.2 сая төгрөгийн хохирол учруулсныг ЭЦГ, УМБГ-ын ажилтнууд илрүүлэн, хил гарахынх нь өмнө баривчилсан юм.
Чингэлтэй дүүргийн шүүх эдгээр хүнд холбогдох хэргийг энэ оны нэгдүгээр сарын 7-нд хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Тэ Ю Линд 10 жил хоёр сар, Вон Жиан Лу, Су Го Ши, Чуа Син Ви, Чиа Гуан Сун, Сингапур улсын иргэн Хор Чи Чай нарт 10 жил нэг сарын ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Улсын Дээд шүүхийн шүүгчид анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Г.РАВЖАА