АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, ЭЦГ-ын ажилтан, дэд хурандаа Г.Ганболд, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа Н.Өлзийсайхан нарыг Нийслэлийн шүүх дахин цагаатгалаа. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас тэдэнд хууль бусаар хүн баривчилсан, эрүү шүүлт тулгасан, нотлох баримт хууль бусаар бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.
Сэлэнгэ аймгийн орлогч прокуророор ажиллаж байсан Ш.Болд-Эрдэнэ “Хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө” хэмээн бусдаас авлига авсан бөгөөд дээрх хүмүүс түүний хууль бус үйлдлийг иргэдийн мэдээллийн дагуу шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн юм. Шүүх түүний гэм буруутайг тогтоож, хорих ял ногдуулсан бөгөөд Ш.Болд-Эрдэнэ суллагдмагцаа хэргийг нь шалгасан байцаагчаа гүтгэж, уг албанд хандсан аж. 2009 онд Ш.Болд-Эрдэнэд холбогдох хэргийг шалгаж байх үед тэрбээр мөн л байцаагчаа шалгуулж байсан бөгөөд шүүх түүнийг хүн гүтгэснийг тогтоосон юм.
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчид дээрх гурван хүний гэм буруутай нь нотлогдохгүй байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах шийдвэр гаргасан бөгөөд түүнийг нь прокурор эсэргүүцсэний дагуу Нийслэлийн шүүхэд хэлэлцсэн байна.
Г.РАВЖАА