Дайны эрсдэлийн даатгал нэрээр МИАТ компанийн тийзийн үнэ дээр таван ам.доллар нэмж авч “Best Wealth Aviation Insurance Group” компанийн данс руу шилжүүлэн мөнгө угаасан хэргийн материалтай Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчид танилцаж дуусчээ.
Төрийн өмчит МИАТ хувьцаат компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, тус компанийн коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаад “Монголиан Эйрлайнз групп” компанийн захирал болсон Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, “Монголиан эйртранспорт групп” компанийг үүсгэн байгуулагч, захирал С.Батхишиг, МИАТ-ын дэд захирал асан Р.Бат-Эрдэнэ, МИАТ-ын санхүүгийн албанд ажиллаж байгаад “Транстрейд Би Ди Си” банк бус санхүүгийн байгууллагын захирал болсон Н.Гантөмөр нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуульд заасан онц их хэмжээний хөрөнгө завшиж үрэгдүүлсэн, мөнгө угаасан гэсэн үндэслэлээр, “Голомт” банкны “Солонго” салбарын захирал асан Г.Саранчимэгт банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд шилжүүлсэн юм.
Хэргийн мөрдөн байцаалтаар тогтоох ёстой зүйл хангалттай тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, ирэх даваа гаригийн 10.00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд гэмт буруутай эсэхийг нь хэлэлцэхээр товложээ.
Г.ЦОЛМОН