Дорнод аймаг дахь Тамсагийн сав газраас газрын тос олборлодог “Петрочайна дачин Тамсаг” компанийн монгол ажилчид энэ сарын 25-нд ажил хаясан. Ажилчдын ҮЭ-ийн хорооны даргыг нь Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон тус компанийн удирдлагууд гурван талт хэлэлцээрийн ширээний ард суухыг урьснаар ажил хаялтаа түр зогсоогоод буй. Тэднийг ажил хаясны маргааш олборлолтын талбайн ойролцоо хээрийн түймэр гарчээ. Уг түймрийг монгол ажилчид улаан гараараа шахам унтраасан байна. Гэтэл хятадууд түймэр унтраалцах нь бүү хэл байрнаасаа хамраа ч цухуйлгаагүй гэнэ. Үүний маргааш буюу энэ сарын 27-нд “Петрочайна дачин Тамсаг” компанийн удирдлага хаанаас ч юм баахан хятадууд авчран, монголчуудын ажлын байрыг булаахыг оролджээ. Тухайн үед тэнд хэв журам сахиулж байсан гурван цагдаа хятадуудын санаархлыг зогсоосон байна.
Монгол ажилчдыг хятадууд элдвээр доромжлох, гэмт хэрэгт гүтгэх зэргээр үймээнд турхирч байгаа аж. Тухайлбал, “Монголчууд миний толгойд хоёр удаа буудсан” хэмээн нэг хятад ажилчин цагдаад гомдол гаргажээ. ҮЭ-ийн гишүүд монголчууддаа хятадуудын өдөөн хатгалгад автахгүй байхыг ухуулж байгаагийн үр дүнд тэнд одоогоор ямар нэг үймээн, эмх замбараагүй байдал үүсээгүй байна. Дорнод аймгийн ИТХ-ын Тэрг үүлэгчид уржигдар хуралдаад монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах шийдвэр гаргалаа.
Ажилчид цалингаа 50 хувь нэмэгдүүлэх, 30 хоног ажиллаж, 14 хоног амардаг болгох, компанийн удирдлагад ҮЭ-ийн төлөөллийг оруулах, ажилчдыг халах, чөлөөлөхдөө ҮЭ-ийн хороотой зөвшилцөх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, ажилчдыг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт оруулах шаардлагыг удаа дараа тавьсан ч биелүүлээгүй тул ажил хаясан юм.
Х.ЭРХЭМ