Хип хоп холбооны ерөнхийлөгч, “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр 08.30 цагаас эхлэн хаалттай хэлэлцэв. Түүнтэй хамт Т.Адъяасүрэн гэх эмэгтэй, Г.Алтай хэмээх залуу шүүгдэгчийн ширээний ард суусан юм.
Дээрх хүмүүст Нийслэлийн прокурорын газраас мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хил давуулан мансууруулах бодис оруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, НПГ-ын хяналтын прокурор Д.Ганцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн шүүх хурлаас шүүгдэгч Ш.Батбаяр, Т.Адъяасүрэн нарт Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэсэн үндэслэлээр гурван сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэлээ. Хэргийг шүүхээр шийдвэрлэхээс өмнө Ш.Батбаяр 77 хоног цагдан хоригдож, цагдаагийн хяналт дор ГССҮТийн Түлэнхийн төвд хэвтэж эмчлүүлсэн хугацааг эдлэх ёстой ялаас нь хасаж тооцох шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан юм. Тиймээс тэрбээр үлдсэн 23 хоногийн баривчлах ялаа Хонхор дахь Баривчлах ял эдлүүлэх ангид эдлэхээр боллоо.
Ш.Батбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэхгүй, давж заалдахгүй гэдгээ хурал тарсны дараа сэтгүүлчдэд хэлсэн юм. Харин шүүгдэгч Г.Алтайд дээрх зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хил давуулан тээвэрлэн оруулж ирсэн” гэсэн үндэслэлээр чанга дэглэмтэй хорих ангид долоон жил ял эдлүүлэхээр шийдвэрлэв.
Г.РАВЖАА