Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашааг өнгөрсөн даваа гаригийн үүрээр нураажээ. Харуулууд учрыг асуухад “Баянгол” эмнэлгийн менежер “Захиргааныхантай чинь ярьж зөвшөөрөл авсан” гэж хэлсэн гэнэ. Харин өглөө нь хашааг зөвшөөрөлгүй нураасан нь тодорхой болжээ. “Ажилдаа ирэхэд төмөр хашааг нурааж, авто зам тавьчихсан байсан” хэмээн эмнэлгийн ажилчид ярив. Ажилчдын түр хорооны төлөөлөл “Баянгол” эмнэлгийн менежертэй уулзахад “Кадастрын зураг энэ байна, хар” гэснээс өөр зүйл хэлээгүй байна. “Баянгол” эмнэлгийн энэ үйлдэл анхных биш аж.
Тэд өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд ЭХЭМҮТ-ийн хашаанд машин оруулж, барилга барих гэж байсныг эмнэлгийн ажилчид эсэргүүцсэнээр машиныг гаргажээ. Удалгүй Эрүүл мэндийн яамнаас тендер зарлаж, төсвийн хөрөнгөөр тус төвийн гадна талд хашаа бариулсан гэнэ. ЭХЭМҮТ-ийн эмч нарын хэлж буйгаар тус төвийн өмнөх захирал Т.Эрхэмбаатар болон “Баянгол” эмнэлгийн захирлын хооронд байгуулсан гэрээ байдаг гэнэ. Гэрээний дагуу тус төвийн дулааны шугам сүлжээнээс урагш газар “Баянгол” эмнэлэгт шилжиж, кадастрын зурагнаас хасагджээ. Үүнийг тус төвийнхөн мэдээгүй ба 2011 оны зургадугаар сард эмнэлгийн шинэ даргаар Ш.Энхтөр томилогдоод мэдсэн аж. Эмнэлгийн хашаанд барилга бариулахгүйн тулд эмч, сувилагч, ажилчид тэмцэж, өнгөрсөн жил Ажилчдын түр хороо хүртэл байгуулжээ.
Түүнчлэн тэд Т.Эрхэмбаатар захирлын нийслэлийн Газрын албанд гаргасан “ЭНЭШТ-ийн 0.1 га талбайг хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол болгон тохижуулахаар “Баянгол” эмнэлгийн эзэмшилд өгч, дээрх талбайг манай эмнэлгийн эзэмшлээс хасаж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус газраас олжээ. Харин ЭХЭМҮТ-д энэ албан тоот нь байгаагүй гэнэ. Ажилчдын түр хорооны дарга А.Оюунчимэг “Бид “Баянгол” эмнэлгийг шүүхэд өгөх бодолтой байгаа. Өдийг хүртэл тэмцсэний хүчинд л өнөөдөр хашаагаа барилгаар дүүргээг үй” хэмээн ярив. Эмнэлгийн хашаан доторх газрыг дур мэдэн бусдад өгсөн ЭХЭМҮТ-ийн хуучин дарга Т.Эрхэмбаатар гэж хэн болохыг эмнэлгийн ажилчдаас асуухад “Айж байна. Хэл ам ихтэй хүн” хэмээн ярихаас татгалзав. Тэрбээр өдгөө тус төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан хийдэг гэнэ. Харин “Баянгол” эмнэлгийнхнээс энэ талаар тодруулахаар очиход “Маркетингийн менежер Лувсанцэрэн л мэдээлэл өгнө. Өнөөдөр гадуур ажилтай яваа. Захирал байхгүй байна” гэлээ.
Э.Эрдэнэцэцэг