Төрийн хөрөнгийг тендер нэрээр завшиж, хуучин, бүрэн бус ажиллагаатай тоног төхөөрөмж нийлүүлж байсан ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнуудад цагдаагийн ажилтнууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Уг хэрэгт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, Эмнэлгийн эмчилгээ, оношлогооны хэлтсийн дарга асан Д.Гончигсүрэн, “Лабтех” компанийн захирал Б.Болор, ГССҮТ-ийн Дүрс оношлогооны тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Батзориг, түүний эхнэр “Саммитмедикал сервис” компанийн захирал Б.Түвшинжаргал нарын зургаан хүн холбогдон шалгуулж байгаа. Дээрх хүмүүс эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” ХХК-д тендерийн эрхийг хууль бусаар өгсөн байдаг. Улмаар “Лабтех” компани ЭМЯ-нд 1.7 тэрбум төгрөгөөр “Philips” фирмийн “Intera 1.5T” маркийн MRI аппарат нийлүүлэхээр болж, гэрээ байгуулан, хоёрхон хоногийн дотор тендерийн мөнгийг Сангийн яамнаас бүгдийг нь гаргуулж, “Лабтех”, цаашлаад “Саммитмедикал сервис” шилжүүлэн авсан нь мөрдөн байцаалтаар тогтоосон. Тендерийн мөнгийг шуурхай гаргуулж авсныхаа дараа тоног төхөөрөмж нийлүүлэгчид иж бүрэн засвар хийсэн хуучин сэг авчирч суурилуулсан юм.
Ийнхүү татвар төлөгчдийн мөнгийг завшсан бүлэг хуйвалдагч уснаас хуурай гарахын тулд гадаадын иргэнийг ч хөлдөө чирч эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт “Philips” компанийн ОХУ, Казахстан, Төв Азийн салбар хариуцсан захирал гэж өөрийгөө танилцуулсан, ОХУын иргэн Игорь Феодорович Грачев, сэжигтэн С.Батзориг, Б.Түвшинжаргал нарын өмгөөлөгч Д.Ганбат нар хэвлэлийн бага хурал хийлгэж, “ГССҮТ-д нийлүүлсэн MRI-г хуучин аппарат гэх мэдээлэл Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа нь манай компанийн нэр хүндэд харшилж байна. Төв Азийг хариуцсан захирлын хувьд энэ нь 2012 онд манай компанид үйлдвэрлэсэн цоо шинэ аппарат болохыг батална” гэж ярьсан билээ. Яалт ч үгүй хуучин, капитал засвар хийсэн аппаратыг ийнхүү шинэ гэж нотолж, хүмүүсийн тархийг угаах гэсэн оролдлого хууль хяналтын байгууллагынхны анхаарлаас холуур өнгөрсөнгүй.
И.Ф.Грачевийг өнгөрсөн баасан гаригт УМБГ-т дуудаж, тайлбар мэдүүлэг авчээ. Энэ талаар тус газрын албаны эх сурвалжаас лавлахад “Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах үйлдэл гаргасан ОХУ-ын иргэнийг дуудаж тайлбар авсан нь үнэн. Гэхдээ хараахан эрүүгийн хэрэг үүсгэлгүй явуулсан. Энэ нь Голландын “Philips” компанийг төлөөлөх эрхгүй, ажлын үнэмлэх, тодорхойлолтгүй хүн байсан. Тэр хүн “Би иргэн С.Батмөнх гэдэг хүний хүсэлтийн дагуу хэвлэлийн бага хуралд суусан, MRI аппараттай холбоотой зүйл яриагүй, “Philips” компанийн талаар л танилцуулга, мэдээлэл хийсэн. Орчуулагч ташаа орчуулж, MRI аппаратын талаар ямар нэг зүйл ярьсан байхыг үгүйсгэхгүй, ийм зүйл ярьсандаа уучлал гуйж байна” гэж мэдүүлсэн” хэмээн мэдээлэв.
И.Ф.Грачев нь “ML” компанийн захирал Сосорбарамын Батмөнхийн урилгаар ирсэн аж. С.Батмөнх нь ГССҮТ-ийн хоёрдугаар давхарт компьютер томографийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн захирал бөгөөд эрүүгийн хэргийн сэжигтэн, ГССҮТ-ийн Дүрс оношлогооны тасгийн эрхлэгч асан Сосорбарамын Батзоригийн төрсөн ах юм байна. Эрүүгийн хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүсийн уснаас хуурай гарах гэсэн оролдлого ганц энэ биш гэнэ. Прокурор, мөрдөн байцаах байгууллагын баттай эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтнүүд сүүлдээ хувийнхаа компанид хэрэглэж буй томографийн тоног төхөөрөмжөө ГССҮТ-д бэлэглэх гэж байгаа хэмээн ярих болжээ. Тэдний бэлэглэх гэж буй тоног төхөөрөмж нь нэг өнцгөөс л зураг авдаг бас л хуучны эд гэнэ. Түүгээр зогсохгүй С.Батзоригийн мэдлийн компанийн энэ төхөөрөмж эвдрэнгүүт нь ГССҮТ-д ашиглаж байсан аппаратны эд ангиар сэлбэн ажиллуулж, олсон орлого нь улсын бус, хувийн дансанд орж байсан гэх юм билээ.
Г.ЦОЛМОН