Ховд, Говь-Алтай аймгийн шүүгчид хулгайн анчид, ченжтэй холбоотой хэргүүдийг шийдвэрлэжээ. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн Ө.Ганпүрэв энэ оны нэгдүгээр сарын 22-нд тус сумын нутаг Товгор гэх газраас хоёр бөхөн агнажээ. Улаан номд орсон нэн ховор энэ амьтны экологи эдийн засгийн үнэлгээ нь нэг бүр нь дөрвөн сая төгрөг юм байна. Уг хэргийг үйлдсэн Ө.Ганпүрэвт холбогдох хэргийг тус аймгийн Сум дундын шүүх хэлэлцэж, экологид учруулсан хохирол найман сая төгрөгийг нөхөн төлүүлж, гурван жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэжээ.
Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхэд БНХАУ-ын иргэн Сүн Ленсинд холбогдох хэргийг шийдвэрлэж, торгуулийн ял оноов. Тэрбээр 2011 онд Баян-Өлгий аймгаас баавгай, чоно, ахууна, хойлгийн эд эрхтэн худалдан авч, хилээр гаргахаар авч явсныг цагдаагийнхан илрүүлсэн юм. Түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад хил давж явсан бөгөөд хэргийг шийдвэрлэх боломжгүй болжээ.
Сэжигтэн Сүн Ленсин энэ оны гуравдугаар сарын 18-нд Ховд аймагт ирснийг хууль хяналтын байгууллагынхан тогтоож, эрүүгийн хэргийг сэргээн шалгасан. Ховд аймгийн Сум дундын шүүхээс түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноожээ. Шүүгдэгч Сүн Ленсин экологид учруулсан хохирол болох 10 сая 220 мянган төгрөгийг мөрдөн байцаалтын явцад барагдуулсан тул ялыг нь хөнгөрүүлсэн байна.
Г.ЦОЛМОН