Өмнөд Солонгосын жүжигчин Юү Түн (Yu Thung) энэ сарын 23-нд хар тамхины хэргээр Тэгу (Daegu) хотын Цагдаагийн газарт баригджээ. Тэрбээр энэ жилийн хоёрдугаар сард гэртээ хар тамхи хадгалж байсан хэргээр мөн шалгагдаж байсан юм. Жүжигчин Юү Түн монгол бүсгүйчүүдтэй холбоотойгоороо Өмнөд Солонгост алдарт гарсан нэгэн.
Юү Түн өнгөрсөн хоёрдугаар сард телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо залуу монгол бүсгүйчүүдтэй дотноороо ихэд гайхуулсан гэдэг. БНСУ-ын MBC телевизээр гарсан “Дэлхийг өөрчлөх аялал” нэвтрүүлэгт оролцсон 55 настай Юү Түн 33 насаар дүү монгол эхнэртэй гэдгээ ярьж олныг алмайруулжээ. Мөн хадам ээжээсээ гурван насаар ах гэдгээ хэлж, өмнө нь ч монгол бүсгүйтэй гэрлэж байлаа гэдгээ хэлсэн байна.
Юү Түн “Өмнөх монгол эхнэр надаас 29 насаар дүү байсан. Гурван жилийн өмнө эрдэм ном сурмаар байна гээд Монголдоо харьчихсан. Анх танилцаж байхад одоогийн монгол эхнэр маань 20 настай, би 53 настай байлаа. Өмнөд Солонгост 21 нас хүрж байж насанд хүрсэн гэж үздэг болохоор намайг насанд хүрээгүй хүнтэй хамт амьдарч байна гээд хууль дүрмийн талаас хэцүү байсан. Харин Монгол бол огт өөр ертөнц. Европ ёс заншилтай, хурим хийхэд нас хамаа байхгүй. 15 нас хүрсэн л бол хурим хийх юмуу ганцаараа тусдаа гараад амьдарч болдог орон. Эхнэрийн маань анхны, миний долоо дахь гэрлэлт” гэж ярьсан байна.
М.Сугараа