“Эрдэнэс Тавантолгой” компанийн ачиж, зөөвөрлөх хяналтын бүсийн тендерт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүүгийн охин Г.Уянгын “Gobi power” компани ялсан. Ялагч компанийн эзэн Г.Уянга нь ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр. Нэг сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгээр анх бүртгэгдсэн “Gobi power” компани тендерт ялагчаар тодрохынхоо өмнөх өдөр дансандаа нэг тэрбум төгрөгтэй болсон гэх мэдээлэл шуугиан тариад удаж буй. Энэ асуудлыг шалгуулахаар УИХ дахь МАНын бүлэг Авлигатай тэмцэх газарт хандсан. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон тухай албан бичгийг өчигдөр тус газраас УИХ дахь МАН-ын бүлэгт ирүүлжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Д.Батбаатараас тодруулав.
-АТГ танай намын бүлгээс хүргүүлсэн, Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг шалгахаар болсон гэсэн. Энэ тухайгаа хэзээ мэдэгдсэн бэ?
-Манай намын бүлгээс Монгол Ул сын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудал тавьж байх явцад ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн гэр бүлийн хүн буюу Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дүү Г.Уянгын компани 17 тэрбум төгрөгийн тендерт ялсан. Мөн Г.Уянгын УБЕГ дахь гэрийн хаяг, овог зэрэг мэдээллийг сольсон гэсэн гэмт хэргийн шинж чанартай, ноцтой мэдээлэл ирсэн. Энэ хэргийг шалгаж өгнө үү гэж намын бүлгээс ТЕГ, АТГ, Хууль зүйн сайдад хандсан. АТГ энэ асуудлыг хүлээж аваад, хуулийн дагуу 19 хоногийн дотор хариу өгнө гэсэн. Өчигдөр энэ хариу ирлээ. АТГ “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендер хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаад, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл бий хэмээн үзэж, хэргийг үргэлжлүүлэн шалгах зөвшөөрлийг прокурорын байгууллагаас авахаар хүсэлт хүргүүлсэн байна.
-АТГ-аас ирсэн хариу албан бичигт УБЕГ-тай холбоотой, иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн асуудлыг хэрхэх талаар дурдсан уу?
-Иргэний бичиг баримтын өөрчлөлттэй холбоотой асуудалд АТГ тодорхой хариу ирүүлээгүй. Энэ асуудлыг харьяаллын дагуу ЦЕГ шалгаж байгаа болов уу гэж найдаж байна. Тийм учраас УИХ дахь манай намын бүлгээс “УБЕГ-т иргэний бүртгэлийн хууль бус өөрчлөлт хийгдсэн энэ ноцтой хэрэгт анхаарал хандуулж, харьяаллын дагуу цагдаагийн байгууллагаар шалгаж өгнө үү” гэсэн албан бичгийг Хууль зүйн сайдад явууллаа.
Д.ЦАЦРАЛ