Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, тус салбарт хийж буй шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Хууль, эрх зүйн салбарт эдүгээ хоёр дахь шатны шинэчлэлийн давалгаа өрнөж байгаа юм. Өмнөх нь 2002 онд болж, Эрүүгийн гэх мэт гол хуулиа өөрчилсөн. Хэдийгээр энэ нь тус салбарт гарсан томоохон ахиц байсан ч хийх ёстой 10 алхмаасаа гурвыг нь хийгээд л зогсчихжээ. Үүний шалтгааныг сайд “Хуулийн байгууллагуудын дотоод зөрчлөөс үүдэлтэй” гэж тайлбарлав. Тиймээс тэр үед үлдээсэн долоон алхмаа дуусгахын тулд 12, иргэн бүр аюулгүй, шударга шүүх, хуультай нийгэмд тайван амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд 42 хуулийг шинээр болон нэмэлт, өөрчлөлт оруулан боловсруулах шаардлагатай байгаа аж. Тэрбээр “Энэ бүхэн өнөөдөр, шинэчлэлийн Засгийн газрын үед л эхэлчихсэн юм биш. Мөрдөх албатай болох тухай л гэхэд 1996 оноос ярьсан” гэлээ.
2005 онд уг салбарынхны дунд хэрэглээний судалгаа хийхэд шүүгч нар хамгийн ядуу буюу таван хүн тутмын нэг нь муухан автомашинтай байжээ. Прокуроруудын амьжиргаа шүүгчдийнхээс арай дээшилж, улмаар цагдаагийнхан 2-3 сайн машинтай болж ирсэн дүн гарсан гэнэ. Энэ нь “Авлига цагдаагийн байгууллага дээр цэцэглэж, асуудал тэр шатанд түлхүү шийдэгддэг. Алгаслаа гэхэд прокурор дээр ордог” гэсэн дүгнэлт хийхэд хүргэжээ. Авлигын энэ тогтолцоог өөрчлөхийн тулд бүтцээ боловсруулсан байна. Хууль зүйн салбарт хийх шинэчлэл шударга ёсыг хамгаалах тогтолцоог тойрсон гурван “хөлтэй”. Уг “хөл” нь процессын, материаллаг, институциональ гэсэн гурван хэм хэмжээ юм байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахдаа хууль сахиулагчид алдаа гаргаж, шуугиан тарьсан. Тэгвэл “Цагдаагийн байгууллагынхан баривчлах эрхтэй гэдэг нь л хуульд байгаагаас бус, үүнийг яаж явуулах нь байдаггүй. Тиймээс зохицуулалтгүй орон зайд дураар дургих боломж энэ салбарынханд олддог. Хууль сахиулах үйл ажиллагааны болон Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай болсноор хэргээ илрүүлэхийн тулд иргэнд халддаг, баривчилдаг, эрүүддэг, хүний эрх зөрчдөг байдлыг халах юм. Эрүүдэх гэдэг үгнээс үүдэлтэй Эрүүгийн хууль гэдэг нэрийг Гэмт хэргийн гэж өөрчилсөн. Социализмын үеийн сэтгэлгээ, нэр томъёоноос салах хэрэгтэй” гэлээ.
Материаллаг хэм хэмжээний хүрээнд Зөрчлийн болон Гэмт хэргийн, институциональ хэм хэмжээний хүрээнд Хуульчийн болон Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Шүүх, прокурор, цагдаа, мөрдөх, маршалын албаны зэрэг хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад буй юм. Шинэчлэлд олон нийтийн болон улстөрчдийн, хуульчдын дэмжлэг хэрэгтэйг сайд онцлов. Эхний хоёр дэмжлэг нь байгаа ч хуульчид, тэр дундаа байгууллага толгойлсон дарганцрууд шинэчлэлд тун дургүй, эрх мэдлээ алдахаас айж буй аж. Социализмын үеийн хуучирсан сэтгэлгээг халж, нэр томъёоноосоо эхлэн шинэчилж, бүтцээ бүрдүүлснээр сул орхисон зохицуулалтыг нөхөж, энэ салбар бүтэн болох гэнэ. Шинэчлэх ажилд саад их байгаа ч олон нийт, салбарын энгийн ажилтнууд үүнийг хүсэн хүлээж буй учир цөөхөн саад нь давалгаанд цохигдоно хэмээн Х.Тэмүүжин сайд найдаж буйгаа ярилаа. Тэрбээр “Галт тэргийг хөдөлгөх нь чухал. Зөв чиглэлээ аваад хөдөлчихсөн галт тэргийг зогсоох амаргүй болно” гэсэн юм.
С.УУЛ