Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгт энэ сарын эхээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Зарим эх сурвалж “Орхон голыг бохирдуулсан компанийн захирлуудаас хахууль авсан байж болзошгүй гэж шалгаж байгаа” хэмээж буй юм. Харин УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн “Ё.Баатарбилэгийг Орхон голыг бохирдуулсан хэрэгт холбогдуулж шалгаагүй” гэлээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад саяхан Зүүнхараа дахь хорих ангийн Цагдан хорих хэсэгт шилжүүлсэн гэнэ. Чухам ямар хэрэгт холбогдсон талаар тодорхой мэдээлэл өгөхөөс хууль хяналтын байгууллагынхан татгалзаж буй юм.
Архангай аймгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалж “Түүнийг өнгөрсөн сарын сүүлчээр АТГ-аас саатуулсан нь үнэн. Чухам ямар үндэслэлээр вэ гэдгийг бид мэдээгүй” гэлээ. Прокурор болон АТГ-ын албаны эх сурвалжаас, түүнийг чухам ямар хэрэгт холбогдон шалгуулж байгааг лавлахад “Авлига, албан тушаалын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, цагдан хорьсон. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас мэдээлэх боломжгүй. Цаг нь болохоор та бүхэнд мэдээлэл өгнө” гэсэн юм. Ё.Баатарбилэг нь Архангай аймгийн Засаг дарга болохоосоо өмнө Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед Тамгын газарт нь дээгүүр алба хашиж байсан нэгэн.
Мөн УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайн итгэлтэй хүн гэх мэдээлэл байна.
Г.РАВЖАА