Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16 настай Б-г авга эгч Д нь гурван жилийн турш хорьж, зовоосон хэрэг гарсан. Иргэдийн мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагынхан авга эгчийнх нь хашаанд очиход хүүг цонхгүй, 1.3:3 м-ийн харьцаатай модон амбаарт хорьж, нэг хөлд нь гинж зүүсэн, толгой нь хатуу зүйлээр цохиулснаас болж цус гарч хатсан, нуруу нь маш олон сорвитой, турж эцсэн байжээ.
Түүгээр зогсохгүй, гутал нь багадсан тул урд хэсгийг нь тайрч, хөлийн хуруунууд нь ил гарсан, төмөр савтай жигнэмгийн хайрцаг, жимсний чанамлын шилэнд хоол, цай өгдөг, ундааны сав, гялгар уутанд биеийг нь засуулдаг байсан аж. 2009 онд аав нь нас барснаас хойш Б-гийн төрсөн ээж нь уулзахаар удаа дараа Хөвсгөл аймагт хотоос очдог байсан боловч авга эгч Д нь огт уулзуулдаггүй байсан гэнэ. Энэ хэрэг илэрсний дараа хүүгийн ээж Хөвсгөл аймагт очсон агаад цагдаагийн хамгаалалтад байсан хүүг ээжийнх нь асрамжид шилжүүлжээ.