Чингэлтэй дүүргийн нутаг, Баянбүрдийн аюулгүйн тойргийн дэргэд өчигдөр 08.45 цагийн үед олон машин мөргөлдсөн осол гарлаа. Тасганы овоо талаасаа “Оргил зуурмаг” компанийн “Хьюндай” маркийн миксер буюу зуурмагийн автомашинууд цувран уг тойрог руу орох үед ард нь явсан 09 дугаартай автомашин цувааны 20 дугаартай тээврийн хэрэгслийг мөргөжээ. 09 дугаартай миксерийн жолооч “Гэнэт тоормос ажиллагаагүй болсноос урдаа явсан миксерийг мөргөлөө” хэмээн тайлбарлаж буй юм билээ. Энэ ослын улмаас хүний амь нас хохироогүй бөгөөд ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа гэж ЗЦГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ажилтан хэлсэн юм.
Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийнхнаас ослын шалтгаан, нөхцөлийн талаар лавлахад “Зуурмагийн машинууд хурдтай явснаас осол гарсан бололтой. Тойрогт 20 дугаартай миксер орохдоо хурдаа хасах үед ард нь явсан автомашины жолооч тоормослосон ч инерцээрээ очоод мөргөсөн юм шиг байна. Улмаар өмнөх машин нь урдаа явсан суудлын зургаан автомашиныг мөргөж зогссон. Миксерүүдтэй зэрэгцэн явсан суудлын машинууд ослоос зайлсхийж, өөр эгнээнд шилжих үедээ бусадтай мөргөлдсөнөөс Баянбүрдийн аюулгүйн тойргийн дэргэд нийт 13 автомашин осолдсон. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар манай тасаг болон ЗЦГ-ын холбогдох албаныхан шалгалт хийж байна” гэв. Осол гаргасан автомашины жолооч нараас ЗЦГ-ынхан тайлбар авахаар авч явжээ.
Харин суудлын автомашины жолооч нар даатгалын компаниудаа дуудаж, хохирлоо гаргуулахаар болсон юм. “Оргил зуурмаг” компанийн эрх бүхий ажилтны утсаар холбогдоход “Ослын шалтгаан нөхцөлийг замын цагдаагийн байгууллага тогтоох байх. Бидний урьдчилан дүгнэж буйгаар, хойно явсан 09 дугаартай автомашины тоормосны хий алдагдаж, ажиллагаагүй болсноос осол гарсан бололтой. Хэрэв өмнөх миксерээ мөргөж зогсоогүй бол суудлын автомашинуудыг дайрч, маш их хор, хохирол учруулах нөхцөл байдал үүсэх байсан” гэсэн юм.
Г.ЦОЛМОН