Богдхан уулын Богинын аманд тарьсан 100 гаруй модыг ганцхан шөнийн дотор устгаж булшилсан талаар манай сонин газар дээр нь очиж, сурвалжлан нийтэд мэдээлсэн. Энэ сарын 11-ний бямба гаригт бүх нийтээр мод тарих өдөр тохиосон. Тэр өдөр дээрх газарт Ардчилсан холбооны ахмад гишүүд нэмж мод тарихаар ирэхэд 100 гаруй модных нь 50-ийг сугалаад, хугалаад хаячихсан байжээ.
Харин үлдсэн 50 орчим мод нь нахиалчихсан байж. Ингээд тэд 50 модоо дахин нөхөн сэргээж шинээр тариад, энэ сарын 14-нд эргэхээр очтол бүх модыг нь устгасан байсан юм. Манай сонинд гарсан энэ мэдээлэлтэй Улсын ерөнхий прокурорын газрын холбогдох албаны хүмүүс танилцаад Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх, 211 дүгээр зүйлд заасан Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Ийнхүү УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулахаар тогтоол хүргүүлсэн гэнэ.
Г.РАВЖАА