Нийслэлийн Баянзүрх дүүргийн III хороо буюу Сансарын туннелийн 51 дүгээр байрны нэгдүгээр орцны долоон давхарт мөнгөн ус алдагдсан тухай дуудлага өчигдөр 10.20 цагийн үед дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст иржээ. Биднийг 13.00 цагийн үед очиход нийслэлийн Аврах анги, дүүргийн ОБХ, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагынхан ажиллаж байв.
Тус байрны 6-7 дугаар давхрын хооронд байрлах хогийн савны орчим мөнгөн ус алдагдсан байсан гэнэ. Онцгой байдлын хэлтсийнхэн мөнгөн усыг зориулалтын тоос сорогчоор сорж, саармагжуулах, тусгай уусмалаар ариутгах арга хэмжээ авсан бол мэргэжлийн хяналтынхан лабораторийн шинжилгээ хийж байв.
Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат “Мөнгөн ус тухайн орчинд зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Хэмжээний хувьд бага оврын тоног төхөөрөмжөөс гарсан болов уу гэлтэй харагдсан. Шар будааны хэмжээтэй мөнгөн уснууд ил байсныг соруулж авсан. Цагдаагийн байгууллага үүнийг хаанаас алдагдсаныг тогтоохоор тус давхрын дөрвөн айлыг шалгахад нэг айлаас бага хэмжээний мөнгөн ус олдсон” гэв. Байранд мөнгөн ус алдагдсан нь хүний үйл ажиллагаанаас болсон байх хэмээн таамаглаж байгаа юм.
Тус байрны орцны жижүүр Г.Авирзэд “Би есөн давхраас цэвэрлэгээгээ эхлүүлээд явж байтал долоон давхрын дөрвөн шат дамнаад бөөрөнхий шаариг шиг цагаан юмнууд байсан. Эхэндээ мэдэхгүй өнөөхийг цэвэрлэх гээд арчтал алчуурт уусахгүй, доошоо гулгахаар нь сэгсэртэл шатны хажуу руу урссан. Үлдсэнийг нь хамах гэтэл гялтганахаар нь мөнгөн ус гэж мэдээд, цагдаад дуудлага өгсөн” гэв. Энэ үеэр тус байранд хөл хорио тогтоосон бөгөөд нийслэлийн Аврах ангийнхан орцыг тусгай уусмалаар ариутгаж, айл өрхийг маргаанцтай усаар шалаа угаахыг зөвлөлөө.
Б.СҮРЭН