Архи хэтрүүлэн хэрэглэж, гэр бүлийнхнээ айдас түгшүүрт авахуулдаг явдал хэрээс хэтэрч байна. Дэлхийн гэр бүлийн өдөр тохиож буйтай холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн сэдэв олны анхаарлын төвд орсон болохоос бусад цагт байнга л гарч байдаг хэрэг гэдгийг хууль хяналтын байгууллагын олон ажилтан хэлж буй юм. Баянзүрх дүүрэгт таван настай хүүхдийг хэрцгийгээр зодож, заазуураар гэмтээсэн хэрэг гарч, олны анхаарлын төвд байгаа энэ үед бага насны хүүхдийг хадаастай модоор цохиж гэмтээсэн хэрэг уржигдар гарав.
Тус дүүргийн XI хорооны нутаг, Хонхор өртөөний орчимд амьдардаг, иргэн Н согтуудаа гэртээ агсам тавьжээ. Улмаар эхнэр Ц-гээ мод, сүхээр цохиж гэмтээсэн аж. Энэ талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас лавлахад “Согтуугаар танхайрсан иргэн Н-ыг саатуулан шалгаж байгаа. Тэрбээр эхнэртээ агсам тавьж, зэвсгийн чанартай зүйлээр цохихдоо дөрвөн сартай хүүхдийнхээ нүүрэн тус газар хадаастай модоор цохиж гэмтээсэн. Мөрдөн байцаалт үргэлжилж буй учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Амиа алдсан эмэгтэйн хэрэгт нөхрийг нь сэжиглэж буй бололтой
Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэж хохирогчийн ар гэрийнхэн үзэж буй нэгэн хэргийн талаар мэдээлэл бидэнд ирсэн юм. Дорнод аймгийн Хэрлэн суманд өнгөрсөн сарын сүүлчээр нэгэн айлын эзэгтэй сураггүй болж хэд хоножээ. Нөхөр нь, ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж эрэн сурвалжилж эхэлсэн гэнэ. Улмаар үзмэрчид ч хандсан аж. Гэтэл үзмэрч “Нэг харанхуй газарт дахиж сэргэхээргүй бөх унтсан байна. Гэрээсээ гараагүй шахам байна” гэж төлөгтөө буулгажээ. Ар гэрийнхэн нь нэг их удалгүй гэрийн эзэгтэйн цогцсыг нүүрсний амбаараас нь маш хэрцгийгээр бүрэлгэсэн байсныг олсон байна.
Цагдаагийнхан өдгөө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд гэм буруутай этгээдийг хараахан олж тогтоогоогүй байгаа гэнэ. Энэ талаар Дорнод аймгийн Прокурорын газрын эх сурвалжаас лавлахад “Хүн амины ноцтой хэрэгт хэн гэм буруутай болохыг тогтоож чадаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Их өргөн хүрээнд хэргийг шалгаж байгаа” гэв.
Харин хөршүүд нь энэ хэрэгт талийгаачийн нөхрийг буруутай байх магадлалтай хэмээн хардаж байгаа гэнэ. Орон нутгийн эх сурвалж “Энэ хэрэг гарахаас хэд хоногийн өмнө нөхөр нь эхнэрээ зодсон. Үүнээс болж талийгаач төрсөн гэр рүүгээ явсан. Ер нь нөхөр нь гар хүрээд байдаг” гэж хууль хяналтын байгууллагынханд ярьсан гэлээ. Энэ хэрэг хардалт, гэр бүлийн маргаанаас үүдэлтэй байж болзошгүй гэдгийг цагдаагийн ажилтнууд ярьж байгаа юм.