Хөвсгөл аймагт 16 нас хүрсэн хүүг тарчлааж, гурван жил амбаарт хорьж байжээ. 13 наснаасаа хойш ийм байдлаар амьдарч байсан хүү бүтэн гурван жилийн турш яагаад мэдэгдсэнгүй вэ гэдэг нь олны анхаарлыг эрхгүй татаж байна. Энэ талаар бид орон нутгийн цагдаагийн байгууллагын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжаас зарим мэдээллийг авсан юм. Түүнийг нялх байхад эцэг эх нь гэр бүлээ цуцлуулжээ.
Шүүх хурлаас болж, хүүг аавынх нь асрамжинд үлдээх шийдвэр гарч, гэр бүлээ цуцлуулах шийдвэр гармагц ээж нь их хөлийн газрыг зорьжээ. Гэтэл нэг л өдөр их гай дайрч, аав нь цаг бусаар хорвоог орхиж, хүү гэртээ ганцаараа үлджээ. Төрсөн дүүгийнх нь хүү бууриа сахин ганцаар үлдэж байгаа нь хөөрхийлөлтэй байсан тул авга эгч Д нь гэртээ аваачиж өсгөхөөр болсон гэнэ. Гэвч хоёр хүүхдийн эх, аавынх нь мах цусны тасархай болсон эгч нь дүүдээ тийм ч таатай бус хандаж байсан бололтой.
Дулаан цагт модон амбаарт хорьж, хүйтний улиралд гэрийнхээ үүдэнд байлгаж байсан гэх. Тэр ч бүү хэл, долоо хоногийн турш хүүд хоол өгөөгүй бөгөөд өлсөхийн эрхэнд хүү самбаачлан оргож, хөрш айлаас боорцог гуйж идэж байгаад баригджээ. Зугтахыг завдаж, айлаас боорцог гуйж идсэнийхээ төлөө хүү амбаарт дөнгөлүүлэхдээ хүрсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Хүүхдүүдэд боловсрол олгох ариун үүрэгтэй багш мэргэжилтэй эгч нь дүүдээ ийн хатуурхаж, тарчлаах болсон шалтгааныг цагдаагийн байгууллагынхан нарийвчлан тогтоож амжаагүй байна. Хэрэг илрэх болсон түүхээс энд дурдахгүй өнгөрч болохгүй биз. Багшийнхтай хамар хашааны айлын амбаар, зуны байшингаас үе үе хүнсний зүйл алга болоод байж. Хэдхэн хоногийн өмнө ингэж эд зүйл алга болонгуут гэрийн эзэд цагдаагийн байгууллагад ханджээ.
Цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийж, хурууны хээ бусад нотлох баримтыг цуглуулж авч байхдаа өмссөн хувцас тааруу, царай зүс гундуу нэгэн хүү хулгайн хэрэг гарсан айлын хажуугийн хашаанаас хараад байсныг анзаарч. Улмаар хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн шалгахаар болжээ. Шалгалтын явцад хүү гурван жилийн турш амбаарт амьдарч, хүнд нөхцөлд амьдарч байснаа Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн байцаагчид ярьсан гэнэ. Харин өөр эх сурвалж “Цагдаагийн ажилтнууд бүсгүйн гэрт ирж, хүүг амбаараас гаргахад биеэрээ дүүрэн шарх, сорвитой, байнгын зодуур, дарамтад байсан нь илт байсан” гэсэн юм. Ингээд цагдаагийнхан түүний авга эгч, ерөнхий боловсролын дунд сургуулийн багш Д-д Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлд заасан тарчлаах, 109 дүгээр зүйлд заасан насанд хүрээгүй хүнийг хууль бусаар хорьсон гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Авга эгч нь цагдаагийнханд “Энэ хүүхэд айлаас үе үе юм хулгайлаад, аргагүйн эрхэнд ийм арга хэмжээ авсан” гэж ярьжээ. Эгч нь ингэж ярьж буй ч хүнийг хорьж тарчлаах, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдийг хууль бусаар хорих нь байж боломгүй хүчирхийлэл гэдгийг манай хууль тогтоомжид төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцэд ч тусгасан байгаа.
Цагдаагийнхан “Дэлхийн зөн Монгол” байгууллагын Хөвсгөл аймаг дахь салбарынхантай тохиролцон хүүгийн хувцсыг сольж, хооллон цагдаагийн хамгаалалтад авчихаад байгаа юм байна. Улмаар хүүг төрүүлсэн ээжийг эрэн сурвалжилж Улаанбаатараас олоод өчигдөр Хөвсгөл аймаг руу явуулсан гэнэ. Хөвсгөл аймгийн шүүх хүүгийн хууль ёсны асран хамгаалагчаар ээжийг нь байлгах, эсэхийг удахгүй шүүх хурлаар шийдэх бөгөөд хүү ээжийнхээ асрамжинд байхыг зөвшөөрвөл цагдаагийнхан шилжүүлж өгөх аж.
Г.РАВЖАА