УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Сайрааныг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ТЕГ шалгаж эхэллээ. Жилийн өмнө үнэн худал нь мэдэгдэхгүй яриа тарж, түүнийг Казахстаны нууц тагнуул байж болзошгүй гэх гадаадын хэвлэлийн мэдээллийг үндэслэн шуугисан. Тухайн үед Кувейтэд Элчин сайд байсан тэрбээр энэ мэдээллийг няцааж, огт үндэслэлгүй хэмээн мэдэгдэж байв. Гэвч ТЕГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл буюу “Эх орноосоо урвасан” гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг албаны эх сурвалж нотоллоо. “Казахстаны тагнуул” гэх дуулианыг эргэн сануулбал, өнгөрсөн жил today.kzk гэх орос хэлээр гардаг сайтад “Казахстаны тагнуулын “Барлау” албаны “В” газрын туршуулуудын талаарх нууц мэдээлэл” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн.
Тэрхүү материалд Казахстанаас гаднын улс орнуудад ажилладаг нууц албаны ажилтнуудын овог нэр, аль улсын иргэн болох, ямар чиглэлээр ажилладаг гэхчилэн товч анкетыг нь бичсэн байжээ. Нууц ажилтнуудын тухай тодорхойлолтыг Бүгд найрамдах Казахстан улсын Тагнуулын газрын “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбеков гаргаж, гарын үсэг зурсан байжээ. Тэрхүү материалд дурдсан Кувейт улсад суух дөрвөн туршуулын нэгнийх нь овог нэр, төрсөн газар усаар нь хөөж үзвэл Монголын Элчин сайд К.Сайраан болж таарсан. Уг тодорхойлолтод “Нууц нэр Алтай. Жинхэнэ нэр Сайраан Кадыр. 1955 онд төрсөн, Монгол Улсын иргэн, Казах үндэстэн. Кувейт улсад суух Элчин сайд. ПР-ийн шугамаар ашиглагдаж байдаг. Байгаа орондоо өргөн хэмжээний харилцаа холбоотой” хэмээн бичсэн байжээ. Үүнтэй холбогдуулан ГХЯ-наас түүнийг эх орондоо ирэхийг хэд хэдэн удаа дуудсан ч ирээгүй юм.
Харин энэ мэдээлэл намжиж, Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд шинээр томилогдсонтой холбогдуулан К.Сайраан энэ хавар эх орондоо иржээ. Одоогоор тэрбээр өөрт үүсгэсэн эрүүгийн хэргийг мэдэж байгаа бөгөөд мэс засалд орох шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолтоор Герман руу батлан даалтаар яваад хэдхэн хоногийн өмнө буцаж ирсэн байна. Гэхдээ энэ удаа ТЕГ түүнийг “Казахстаны тагнуул” мөн эсэхээс гадна Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд хамаарч байсан улс орнуудынх нь холбогдох албаны хүмүүсээс гаргаж буй гомдол, мэдээллүүдийг шалгах юм байна. К.Сайраан Кувейтэд суух Монголын анхны Элчин сайд байсан. Энэ утгаар нь хамаарч байсан лалын орнууд түүнийг найрсагаар хүлээн авч, ЭСЯны байр, унаа тэрэг гээд бүх талаар тусалж дэмжиж байсан юм байна. Харамсалтай нь, тэрбээр үүнийг К.Сайраан гэдэг хувь хүнд өгсөн мэт хүлээн авч, шинэ Элчин сайдыг томилогдон очиход байраа суллахаас татгалзаж, Монгол Улсын нэр хүндийг унагасан мэдээлэл ч байна. Ямартай ч сүүлийн үед ТЕГынхан “эх орноосоо” урвасан гэх хэд хэдэн хэргийг илрүүлэн шалгаж, зарим нь шүүхээр тогтоогдон ял шийтгэлээ хүлээсэн. Харин Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтны холбогдсон энэ хэрэг анхных бөгөөд цааш хэрхэн үргэлжлэхийг бид мэдээлэх болно.
Жич: Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл. Эх орноосоо урвах. 79.1-д “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: Гадаад улсын тагнуулын албанд элссэн боловч авсан даалгавраа биелүүлэх талаар ямар нэг үйлдэл хийгээгүй бөгөөд гадаадын тагнуулын албатай холбоотой болохоо төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн Монгол Улсын иргэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” хэмээн заажээ.