Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь Тагнуулын хэлтэс тус аймаг дахь худалдааны төв, дэлгүүрүүдэд гэнэтийн шалгалт хийж, тагнах, чагнах зориулалттай найман төрлийн техник хэрэгсэл хураан авсан байна. Нууцаар дүрс бичлэг хийх аппарат, дуу хураагч, камертай цаг, түлхүүрийн оосор, үзэг, флаш, товч, нүдний шил, үнсний сав, болон гар утасны сим карт ашиглан, бусдын яриаг зайнаас сонсох зориулалттай техник зэрэг зүйлсийг тус аймагт дөрвөн хүн зарж борлуулж байсан аж. Эдгээрийг ашиг олохын тулд авчирч зарсан гэж тэд ярьжээ. Бусдын захиалгаар авчирсан техник хэрэгсэл ч байсан гэнэ.
Сонгууль дөхөхөөр ийм төхөөрөмжийн захиалга, борлуулалт эрс нэмэгддэг агаад гадаадын иргэд заримыг нь тусгайлан захиалж авчруулдаг тухай тэд мэдүүлжээ. Тагнуулынхан тэдэнд сануулга өгч, хураасан зүйлсийг улсын орлого болгов. Хэрвээ дахин ийм зөрчил гаргавал эдгээр хүнд Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлд заасан “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн” гэсэн заалтаар хариуцлага тооцох аж. Учир нь бусдыг тагнах, чагнах зориулалттай төхөөрөмжийг Тагнуулын ерөнхий газар, ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газар, ХХЕГ-ын Хилийн тагнуулын газар, Эрүүгийн цагдаагийн газар, ШШГЕГын Гүйцэтгэх алба, Авлигатай тэмцэх газрын ажилтнууд гүйцэтгэх ажлын шугамаар ашиглах эрхтэй.
Энэ зургаан байгууллагын албан хаагчдаас бусад байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан тушаалтан, иргэд үүнийг ашиглах, улсын хилээр оруулж ирэх, худалдахыг хориглодог. Хэрвээ зөрчвөл эрүүгийн хэрэгт тооцдог хатуу хуультай юм байна.
Т.АНУЖИН