Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлтийн замд гэр бүлийн гурван хүнийг марк, дугаар нь тодорхойгүй автомашин мөргөж, хүнд гэмтээгээд зугтсан хэрэг өнгөрсөн бямба гаригт гарчээ. Цагдаагийн ажилтнууд хэргийн мөрөөр шуурхай эрэн сурвалжилсны дүнд сэжигтнийг олж тогтоосон байна. Уг хэргийг “Аксент” маркийн 31-38 УНС улсын дугаартай автомашины жолооч 23 настай Б үйлджээ.
Сэжигтэн ул мөрөө баллахын тулд машиныхаа эвдэрсэн эд ангиудыг сольж засварласан байжээ. Цагдаагийнхан түүнийг саатуулахад машиныхаа тээшинд эвдэрсэн эд ангиа хаяхаар ачиж явсан байна. Зам тээврийн осол, хэргийн газарт эд мөрийн баримт болох эд ангийн хэсэг их бага хэмжээгээр үлддэг. Ямар ч эд анги эдийн код буюу тээврийн хэрэгслийн мэдээллийг агуулж байдаг. Энэхүү мэдээллийг ашиглан гэмт хэргийг илрүүлэхэд дэвшил гарч байгаа. Дээрх тохиолдолд ч хэргийн газраас зугтсан этгээдийг хугацаа алдалгүй олж тогтоожээ.
Г.РАВЖАА