Дайны эрсдэлийн даатгал нэрээр МИАТ компанийн тийзийн үнэ дээр таван ам.доллар нэмж авч “Best Wealth Aviation Insurance Group” компани руу шилжүүлэн мөнгө угааж байсан дуулиант хэрэгтэй Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр танилцаж дуусчээ. Улмаар шүүхэд шилжүүлсэн байна. Энэ талаар НПГ-ын хяналтын прокурор Б.Эрхэмбаяраас тодрууллаа.
-МИАТ компанийн захирлаар ажиллаж байсан Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг нарын хэрэгтэй танилцаж дууссан гэсэн. Хэдийд шүүхэд шилжүүлэх вэ?
-Төрийн өмчит МИАТ хувьцаат компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, тус компанийн коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаад “Монголиан Эйрлайнз групп” компанийн захирал болсон Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, “Монголиан эйртранспорт групп” компанийг үүсгэн байгуулагч, захирал С.Батхишиг, МИАТын дэд захирал асан Р.Бат-Эрдэнэ, МИАТ-д ажиллаж байгаад “Транстрейд Би Ди Си” банк бус санхүүгийн байгууллагын захирал болсон Н.Гантөмөр, “Голомт” банкны “Солонго” салбарын захирал асан Г.Саранчимэг нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, харьяалал тогтоолгохоор шүүхэд шилжүүллээ.
Нийслэлийн шүүх тухайн хэргийг хэлэлцэх анхан шатны шүүхийн харьяаллыг тогтооно. Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, С.Батхишиг, Р.БатЭрдэнэ, Н.Гантөмөр нарт Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан онц их хэмжээний хөрөнгө завшиж үрэгдүүлсэн, 1661.3 дахь хэсэгт заасан мөнгө угаасан гэсэн үндэслэлээр, Г.Саранчимэгт дээрх хоёр зүйл ангиас гадна 156 дугаар зүйлд заасан банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Мөнгө угаах гэмт хэрэг нь онц хүнд гэмт хэрэг бөгөөд 10-15 жилийн хорих ялаар шийтгэх заалттай.
-Мөрдөн байцаалтын шатанд сэжигтнүүд хэдий хэмжээний мөнгө угаасныг тогтоосон уу?
-Дээрх хүмүүс 2007-2010 онд Дайны эрсдэлийн даатгал нэрээр тухайн үеийн ханшаар 9.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларыг “Best Wealth Aviation Insurance Group” компанийн Хонконг, Япон дахь данс руу шилжүүлж байсан. Тэдний шилжүүлсэн мөнгөний 4.3 тэрбум төгр өг нь Монгол Улс дахь арилжааны банк руу иргэдийн дансанд орж ирсэн. Мөрдөн байцаалтын явцад сэжигтн үүдийн банкны дансан дахь 16.5 тэрбум төгрөг, 27 компанийн хувьцаа, орон сууц, автомашин зэрэг эд зүйлийг битүүмжилсэн.
-Энэ хэрэгт Ц.Орхоны эхнэр болон Б.Эрдэнэбилэгийн дүү шалгуулсан шүү дээ. Тэднийг гэм буруугүй гэж үзсэн юм уу?
-Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү “Монгол керамик” компанийн захирал Б.Мандахбаяр нарыг шалгасан. Мөрдөн байцаалтын явцад тэд дээрх хэрэгт хамтран оролцсон нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон.
Г.РАВЖАА