Баянгол дүүргийн XIV хорооны нутагт өнгөрсөн пүрэв гаригт иргэн М-ийг нэг охины хамт хэсэг залуу дээрэмджээ. М-ийг харьж явахад нь уг охин “Гэр рүү дөхүүлж өгч туслаач” гэж гуйсан гэнэ. Залуу түүний гуйлтыг зөвшөөрөн хамт явж байтал гурван залуу ирж “Манай найз охиныг дагуулаад юу хийж яваа юм бэ” гээд зодож, гар утас, эд зүйлийг нь дээрэмджээ. Хохирогч тэр даруй цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсгийнхэн 17-21 насны гурван залуу, нэг охин хамтарч уг хэргийг үйлдсэнийг тогтоосон байна. Тэд хувийн автомашиныг жолоочтой нь хөлсөлж шөнийн цагаар ганцаараа яваа залуусыг дээрх аргаар ангуучилж, дээрэмддэг байсан гэнэ. Мөрдөн байцаалтын явцад дээрх дөрвөн сэжигтэн ийм маягаар 30 гаруй иргэнийг дээрэмдсэнээ хүлээжээ. Мөн тэдэнд үйлчилсэн гурван жолоочийг хэргийн хамтран оролцогчоор шалгаж байгаа аж.