Тавхан настай хүүгээ төрсөн эцэг нь хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг өнгөрсөн баасан гаригт нийслэлд гарчээ. Уг хэргийн дуудлагаар ажилласан Яаралтай тусламжийн төвийн эмч хөөрхий хүүг өрөвдөхийн эрхэнд харгис эцгийнх нь талаар фэйсбүүк хуудсандаа энэ талаар тэсэхгүй бичсэнээр хэрэг нийтэд ил боллоо. Тэрбээр “Энэ сарын 10-ны 15.00 цагийн орчимд “Таван настай хүү заазуурдууллаа” гэсэн дуудлага Яаралтай тусламжийн төвд ирсэн юм.
Дуудлагаар очиход аймшигтай дүр төрх угтсан. Толгой нүүр нь хөхөрч хавдсан, нуруу цээжний хэсгүүд зүсэгдэж, цус гарсан шархтай, дал мөрний хэсэгт гүн орсон шүдний оромтой хүүг хараад сэрдхийлээ. Түүнд анхан шатны тусламж үзүүлэн боолт хийж, цусыг нь тогтоосон. Тэр хүү зургаан настай ах, хоёр настай дүүтэй. Тэдний нүүр, бие нь мөн л шарх сорви болсон, айдаст автсан царайтай байлаа” хэмээн бичжээ. Түүнчлэн таван настай хүү аавдаа хэрхэн зодуулснаа ярьсныг нь ч дүрс бичлэгт буулгажээ.
Хүүгийн ярьж буйгаар “Аав гартаа чулуу атгаж байгаад толгой руу цохисон, хана руу шидсэн, бас элэгдсэн. Тэгээд хазаж, өшиглөсөн. Дараа нь намайг дарж байгаад ахыг “Хутга аваад ир, үгүй бол чамайг ч гэсэн ингэж хүзүүг чинь хэрчинэ” гэж хэлсэн. Ах айсандаа заазуур авчрахад аав миний нурууг зүсээд байсан. Би уйлтал миний амыг дарж байгаад бүр чанга зүсээд, надаас цус гаргасан” хэмээв. Хүүгийн ээж ч мөн ялгаагүй нүд нь хөхөрсөн, чих нь хазуулсан, бие нь тэр чигтээ шарх сорви, шүдний ором болсон байсан гэнэ. Тэрбээр нөхрийнхөө тухай эмчид ярихдаа “Архи уух тоолондоо байнга зоддог. Өөрийнхөө хүүхдүүдийг хүний хүүхэд гээд зодоод байдаг. Урьд нь цагдаа зөндөө дуудаж баривчлуулж байсан ч 2-3 хоноод л эргээд гараад ирдэг. Бидэнд зугтаад очих газар байхгүй. Баянзүрх дүүргийн хэсгийн цагдаа нар биднийг андахгүй” гэжээ.
Эхнэр хүүхдүүдээ зодож, тамладаг нөхөр 40 орчим настай аж. Хүүхдүүдээ хана руу савж, төмрөөр хөлийг нь цохиж гэмтээж байсан гэнэ. Бага охиноо наймхан сартай байхад нь “Ална” хэмээн тогоо руу шидсэнээс болж нэг талынх нь хөмсөг задарч, нүд нь солир болжээ. Хүүхдүүдийн эцэг тэднээр хаягдал шил, лааз түүлгэн, олсон мөнгөөр нь байнга архи ууж, зодож нүддэг гэнэ. Түүнийг одоогоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд мэдээлэл авахаар холбогдсон ч дүүргийн цагдаа нар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Хүүг Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталд эмчилж байгаа аж.
Б.Бямбасүрэн