Баянхонгор аймгийн “Мичид марал” үйлчилгээний төвд мөнгөн ус ашиглан, гар аргаар алт бариулж байсан хүнийг тус аймгийн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын албаны ажилтнууд илрүүлэн, шалгаж байгааг “Өнөөдөр” мэдээлсэн. Энэ төвийн ойр орчимд амьдардаг иргэдэд эрүүл мэндийн үзлэг, мөнгөн ус илрүүлэх шинжилгээ хийж эхэлжээ. Урьдчилсан үзлэгт 50 гаруй хүн хамруулахаар болж, 25 нь үзүүлсэн аж. Тэдний зургаад нь хордлогын шинж тэмдэг илрээд гурван сар болжээ. Тус аймагт хүний биеэс мөнгөн усны хордлого илрүүлэх багаж байдаггүй тул ЭМЯ-наас өгсөн зааврын дагуу иргэдийн үс, цус, хумснаас сорьц авч, Улаанбаатар руу илгээсэн байна. Хэрвээ дээрх хүмүүс мөнгөн усанд хордсон нь тогтоогдвол ЭМЯ-наас эмч нарын баг илгээж, аймгийн төвийн иргэдэд үзлэг, шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа аж.
“Мичид марал” нь тус аймгийн төвийн “А” бүсэд байрладаг. Түүнээс 150 метрийн радиус дотор цэцэрлэг, ахлах болон бага сургууль, хүнсний зах бий. Хөрсөнд хийсэн шинжилгээгээр мөнгөн усны агууламж зарим газарт зөвшөөрөгдөх хэмжээнд, бусдад нь бага гарчээ. Баянхонгорт явуулж буй “Хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн төвийн айлуудын хашаа, агуулахаас алтны агууламжтай 40 тонн шороо (шлам), 10 гаруй шуудай чулуу хураалаа. Тус аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн мөнгөн ус ашиглаж буй аж ахуйн нэгж, иргэдийн тухай мэдээллийг 100 мянгаас нэг сая төгрөгөөр худалдан авахаар болж, энэ тухайгаа иргэдэд мэдээлж, нууцыг чандлан хадгалахаа амлажээ.
Мөн Баян-Овоо сум дахь Цагаан цахирын ордоос гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагааг цагдаагийнхан 14 хоног зогсоож, хамгаалалт гаргажээ. Гэсэн ч хувиараа алт олборлогчид нөхөрлөл бүрээс 2-4 хүн гаргаж, өөрсдөө гэр, талбайгаа хамгаалахыг хүссэн байна. Энд 14 нөхөрлөлийн 500 гаруй хүн байдаг аж. Тэдний хүсэлтийг тус аймгийн холбогдох албаныхан хүлээж аваагүй байна.
Б.БАЯСАЛМАА