Эрүүгийн цагдаагийн газрын Тавдугаар хэлтэс буюу Байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, БОНХЯ хамтран нийслэл болон орон нутгийн цагдаагийн хэлтсийн байгаль орчны эсрэг гэмт хэрэг илрүүлэх чиглэл хариуцсан эрүүгийн ажилтнуудыг чадваржуулах хоёр хоногийн сургалт зөвлөлгөөн зохион байгуулж байна. Энэхүү сургалт өчигдөр эхэлсэн бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн 55 цагдаагийн албан хаагч хамрагджээ. Сургалтын үеэр Эрүүгийн цагдаагийн газрын Тавдугаар хэлтсийн дарга Д.Очгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Он гарсаар байгаль орчны эсрэг гэмт хэрэг хэд бүртгэгдээд байна вэ?
-2010 онд байгаль орчны эсрэг 230 гэмт хэрэг бүртгэгдсэн. Харин 2011 онд 270, 2012 онд 410 болж өссөн. Он гарсаар энэ төрлийн 62 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Гэхдээ энэ бол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн л тоо. Бүртгэгдээгүй хэд байгааг хэлэхийн аргагүй. Ер нь сүүлийн жилүүдэд байгаль орчны эсрэг гэмт хэрэг ихсэж байна. Тиймээс төр, засгаас энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа.
-Байгаль орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнхийг ямар төрлийн хэрэг эзэлдэг вэ?
-Энэ чиглэлийн гэмт хэргийн дийлэнх нь хууль бус мод бэлтгэлтэй холбоотой байдаг. Газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам, Ан агнуурын тухай хууль зөрчсөн хэрэг ч нэлээд бий гэв.
Д.Аж