Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны өчигдрийн хамтарсан хуралдаанд Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулж, уг хуулийг хэлэлцэх, эсэх асуудлаар ярилцаж, шийдэлд хүрлээ. Хууль зүйн сайдын танилцуулс наар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь Хадгаламж зээлийн нийт 26 хоршоонд холбогдох 8301 хохирогч бүхий 72.4 тэрбум төгрөгийн төлбөртэй гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс 2006 онд хүлээн авсан байна. Энэ оны байдлаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн дагуу улсын төсвөөс нийт 36.1 тэрбум төгрөгийг хүлээн авснаас 26 хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-ны 7784 хохирогчид 35.9 тэрбум төгрөг олгож, 490 хохирогчийн 186.0 сая төгрөгийн үлдэгдэл байгаа аж.
Шүүхийн шийдвэрээр 30.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө хүлээн авахаас цагдаагийн байгууллага 29.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хүлээлгэн өгчээ. Харин шүүхийн шийдвэрт илүү бичсэн, итгэмжлэгдсэн хариуцагч нь үрэгдүүлсэн, тоо данс нь давхардсан зэрэг үндэслэлээр 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг хүлээлцээгүй талаар сайд танилцуулсан. Үүний дараа Байнгын хорооны гишүүд асуулт тавьж, зарим горимын санал гаргасан юм. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хохирлыг барагдуулахаар төсвөөс олгосон 36 тэрбум төгрөг эргэн төлөгдөх боломжгүй гэсэн дүгнэлтийг өмнөх Парламентын үед дээрх хэргийг шалгасан Ажлын хэсэг гаргасан. ХЗХ-ны барьцаанд байсан газар ашиглах эрхийн гэрчилгээ, барилга, ашигт малтмалын лиценз зэрэг үнэ хүрэхүйц зарим барьцаа шүүхийн шатанд очихоос өмнө алга болсон байдаг. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг УИХ-ын дарга З.Энхболд асуув. Түүнчлэн ХЗХтой холбоотой асуудлыг нарийн шалгах үеэр нэр бүхий албан тушаалтан төмөр шүүгээндээ найман жил хадгалсан тэрбум гаруй төгрөгөө цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн гэдэг бөгөөд тэр хүн хэн байсныг мэдэхийг хүсэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн.
Ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд уг хэргээр ял эдэлж буй хүмүүстэй уулзаж, хураагдсан эд хөрөнгийг хэрхэн үнэлсэн, яаж алга болсон болон зарагдсан тухай судалжээ. ХЗХ-дыг хоморголон дампууруулж, эд хөрөнгийг нь татсанаас хохирлоо барагдуулах боломжтой байсан хадгаламж эзэмшигчид хохирч үлд сэн хэмээн Х.Тэмүүжин сайд тэм дэглэв. Түүнчлэн эд хөрөнгийг татан төвлөрүүлэх явцад үнэ хүрэх эд зүйлсийг үрэгдүүлж, хураагдсан эд зүйлсийн жагсаалтаас хассанаас болоод хуулийн байгууллагад бүрэн бүтнээрээ ирээгүйгээс гадна үнэ хүрэхээргүй зүйлсийг өндрөөр үнэлж бүртгэсэн зөрчил олон гарсан байна. Хураагдсан хөрөнгийг хадгалах, бүртгэх үүрэгтэй төрийн албан хаагчид үүргээ хангалттай гүйцэтгээгүйг ч сайд онцлов. Тухайлбал, үнэ хүрэх зүйлсийг үнэгүйдүүлэн борлуулж, танил талаараа шамшигдуулсан явдал олон гарчээ. Төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болоод асуудал иймдээ тулсан болохоор төр хохирлыг барагдуулах нь зүйтэй гэсэн шаардлагыг хохирогчид тавьж байгаа гэнэ. Их хэмжээний мөнгө оруулаад, өндөр хүү аваад алга болсон хүмүүсийн заримынх нь нэр эхнээсээ тодорч байгаа ч баримт нь бүрдэхгүй байгаа аж. Учир нь долоон жилийн өмнө хэргийг шалгаж эхэлмэгц ХЗХ-ны хэрэгтэй холбоотой эрх мэдэлтэй хүмүүс зээлийн түүх, эд хөрөнгөтэй холбоотой материал зэрэг нотлох баримтаа устгаж, засварласан байна.
Хураагдсан хөрөнгийг зувчуулсан, хувь даа ашигласан хүмүүст хэрхэн хариуц лага тооцож байгаа, ХЗХ-нд барьцаанд тавьсан 14 лиценз алга болсон шалтгаан, их хэмжээний мөнгө оруулж, өндөр хүү аваад алга болсон хүмүүсийн нэрс, үүний цаана улс төр, бизнесийн бүлэглэл байгаа, эсэх талаар гишүүд асуусан. Ийнхүү асуулт хариулт дууссаны дараа Байнгын хорооны гишүүд саналаа хэлсэн юм. Тухайлбал, Н.Батцэрэг гишүүн “ХЗХ-ноос болж иргэд долоон жилийн турш зөвхөн эд хөрөнгө бус, амь нас, эрүүл мэнд, гэр бүл, орон байр, нэр төрөөрөө хохирсон. Тиймээс битүүмжилсэн эд хөрөнгийг борлуулсан үйл явцыг тусгайлан шалгах Ажлын хэсэг байгуулах нь зөв. Учир нь “Глоб кредит” ХЗХ гэхэд 11 тэрбум төгрөгийн хадгаламж авсан байсан бөгөөд эд хөрөнгийг нь үнэлэхэд есөн тэрбум төгрөг болж байж. Гэтэл хоёрхон тэрбумаар эд хөрөнгийг нь борлуулсан гэж байгаа. Ийм олон тэрбум төгрөгийн зөрүүтэй, луйвар маягийн юм хийсэн байгааг шалгаж тогтоох хэрэгтэй” гэв. “ХЗХ-ны захирал, түүний найз нөхөд, хамаатан садан гээд нэлээд олон хүн ашиг олсон. Тэр хүмүүсээс мөнгө авахгүйгээр, зөвхөн үндсэн хөрөнгийг борлуулаад хохирлыг барагдуулна гэж байхгүй. Тиймээс ашиг олсон хүмүүс, тухайн үед ХЗХ-ны тухай сурталчилгааг явуулсан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгийг зувчуулсан, лиценз буцааж авсан хүмүүсээр мөнгийг нөхөн төлүүлэх ёстой” хэмээн Ч.Хүрэлбаатар гишүүн байр сууриа илэрхийлсэн.
Харин О.Баасанхүү гишүүн Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь найруулгын алдаатай байгааг шүүмжлэв. Тухайлбал, ХЗХ-г үүсгэн байгуулагч болон буруутай этгээдүүдээр төлүүлнэ гэж оруулсан боловч үүсгэн байгуулагчид ял эдэлж буй тул төлөх боломжгүй хэмээн тайлбарлаад, битүүмжилсэн эд хөрөнгийн тал хувь нь яагаад алга болсон, хаана байгааг тодруулах хэрэгтэй хэмээн үзсэн. Түүнчлэн уг хохирлыг барагдуулахад заавал хууль гаргах шаардлага байхгүй гэсэн байр суурийг тэрбээр илэрийлсэн бол, тухайн үед ХЗХ-ны тухай хуулийг хяналтгүй гаргасан, үйл ажиллагааг нь өөгшүүлж, дампууруулаад, эд хөрөнгийг нь үнэгүйдүүлсэн бүх хүнд хариуцлага тооцох ёстой хэмээн Р.Бурмаа гишүүн хэлсэн. Харин УИХ-ын дарга З.Энхболд ХЗХ-ны хэргээс хэн хохирч, хэн хожсоныг хууль хяналтын байгууллага тогтоосны эцэст хуулийн төслийг хэлэлцэх горимын санал тавьсан юм.
Ийнхүү санал хэлсний эцэст УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг нарын гаргасан горимын санал дээр санал хураахад гишүүдийн дийлэнх нь Н.Батцэрэг гишүүний саналыг дэмжиж, хохирлыг эхэлж барагдуулаад, битүүмжилсэн эд хөрөнгийг борлуулсан үйл явцыг тусгайлан шалгах Ажлын хэсэг байгуулахаар болсон бөгөөд хуулийн төслийг хэлэлцэхийг Байнгын хороо дэмжлээ. Хэлэлцүүлгийн явцад ХЗХ-ны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болж, энэ ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг ч байгуулахаар боллоо.
Р.ОЮУН