Баянхонгор аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Мичид марал” үйлчилгээний төвийн байранд мөнгөн ус ашиглан, гар аргаар алт хайлуулж байсан хүнийг тус аймгийн Цагдаагийн болон Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд энэ сарын 1-ний орой үйлдэл дээр нь илрүүлэн, шалгаж байна. Тус төвтэй залган, ард нь барьсан байшинд “Mini-melting Furnace” маркийн хайлуулах зуух, агааржуулагч байрлуулан, урт хоолойд холбоод мөнгөн усны ууршсан хэсгийг гадагшлуулдаг байжээ.
Энэ хэрэгт холбогдсон Гансүхэд тус аймгийн Цагдаагийн хэлтэс Эрүүгийн хуулийн 214.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэрбээр гар аргаар алт олборлогчид болон ченжүүдээс алт авдаг, “Мичид марал” үйлчилгээний төвд өрөө түрээсэлдэг байжээ. “Мичид марал” төвөөс 150 метрийн радиус дотор цэцэрлэг, ахлах болон бага сургууль, тус аймгийн төвийн иргэдийн сүү, цагаан идээ, ногоо, хүнсний бусад бүтээгдэхүүнээ худалдаж авдаг “Дэлгэрэх” хэмээх хүнсний төв зах бий.
Аймгийн Онцгой комисс энэ сарын 2-нд хуралдаж, Ажлын хэсэг байгуулан, мөнгөн усны хорыг саармагжуултал хүнсний зах, сургууль, цэцэрлэг, худалдаа, үйлчилгээний бусад газрын үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ.
Х.БОЛОР