Тарбозавр батаарыг Монголоос хууль бусаар гаргаж, дуудлагаар худалдах гэж байсан Эрик Прокопид холбогдох шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд АНУ-д болсон. Түүнд 17 жилийн хорих ял оноох магадлалтай байсан. Гэвч тухайн үед ял эцэслэн шийдэх хугацааг 2013 оны дөрөвдүгээр сарын 25 болгон хойшлуулж, Эрик Прокопиг батлан даалтад гаргасан юм. Энэ хугацаанд хэрэгт холбоотой чухал мэдээлэл өгвөл түүнд хамаарах ялыг хөнгөрүүлэх санал тавьжээ. Эрик Прокопи ялаа хөнгөрүүлэхийн тулд хамтрагч Кристофер Муртаа хандсанаар түүний эзэмшилд байсан үлэг гүрвэлийн 17 багц олдворыг Монголын Засгийн газарт хүлээлгэн өгөхөөр болсон байна. Гэхдээ одоогоор Эрик Прокопигийн хорих ялыг эцэслэн шийдээгүй. Учир нь эдгээр олдворыг хил давуулахад оролцсон Монголын гаалийн ажилтнуудын тухай мэдээлэл өгвөл түүнд хамгийн багадаа гурав хүртэлх жилийн ял оноох аж.
Өмнө нь мэдэгдээд байсан олдворуудын хамт эх нутагтаа ирэхээр болсон 17 багц олдворт гар болон хүзүүний яс нь дутуу зургаан метр урттай тарбозавр батаарын араг яс, Тиранозаурус буюу тарбозавр батаарын хөл болон сүүлний хэсэг, галлимимусын хэлхээ яс, пакисефалозаврын гавлын яс болон хагас хэлхээ яс, анкилозаврын араг яс, хадрозаврын гавлын яс, Процератопсын араг яс, үлэг гүрвэлийн өндөгний үүр, жижиг гүрвэлийн чулуужсан яс, яст мэлхийн араг яс, мөн нэр нь тодорхойгүй хэсэг жижиг яс багтаж байгаа аж. Эдгээр үлэг гүрвэлийн холбогдолтой олдворын ихэнхийг цэвэрлээг үй, эсвэл хагас цэвэрлэсэн байгаа учраас судалгаа, шинжилгээний өндөр ач холбогдолтой юм.
Тухайлбал, тэр дунд зөвхөн Монголоос олддог тарбозавр батаарын гар болон хүзүүний ясгүй бүтэн араг яс байгаа аж. Энэ үлэг гүрвэлийн хүзүүний яс элбэг олддог учраас нөхөх боломжтой гэнэ. Харин гавлын яс, сээр нуруу, сүүл, хойд хөлний яснууд нь бүтнээрээ олдсон цуглуулга ховор учраас нэн ховорт тооцогдох аж. Ийм хэмжээний араг яс олон улсын худалдаанд сая доллар хүрэхүйц үнэтэй гэнэ. Мөн зөвхөн Монголоос л олддог галлимимусын хэлхээ ясыг бүрэн боловсруулсан байгаа учраас шууд музейн үзмэрт байрлуулах боломжтой. Түүнчлэн Монголын газар нутгаас олдсон далайн амьтны яс, чулуужсан өндөг зэрэг нь олон улсын хэмжээнд сонирхолтой судалгааны ажил болдог гэнэ. Тиймээс эдгээр олдвор нь Монголын үлэг гүрвэлийн музейг дэлхийд таниулах үнэт үзмэрүүд болохоор байгаа юм.
Ж.СОЛОНГО