Баянхонгор аймгийн шүүхээс улсын стандартад нийцээгүй, чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн компанийн захиралд ял шийтгэжээ. “Алтантулгуур” ХХК-ийн захирал Д.Энхтуяа нь чанар, стандартын шаардлага хангаагүй өндөр хүчдэлийн шугамын бетонон шон үйлдвэрлэж, бусдад худалджээ.
Тус компанийн үйлдвэрлэсэн бетонон хөлийг “Их Богд” ХХК-ийн захирал Г.Батцэнгэл худалдан авч, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Алтан-Ус гэх газарт суурилуулах явцад нурсан юм байна. “Их Богд” компанийнхан “Хөх бүрдний эх” ХХК-тай хүдэр боловсруулах цех байгуулахаар гэрээ хийж, ажил гүйцэтгэх үедээ агаарын цахилгаан дамжуулах тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллаж, цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн “Агаарын шугамын бүх төрлийн тулгуур босгох, шон дээр ажиллах үеийн аюулгүй ажиллагааны журмыг” баримтлан ажиллаагүйн улмаас иргэн Д хүнд гэмтсэн байна. Хохирогч Д “Цахилгааны шугамын утсуудыг татаж байтал миний сууж байсан шон хугарч унасан. Энэ ослоос болж миний хөл мэдээгүй болсон, нурууны яснууд хугарч бяцарсан” хэмээн мэдүүлжээ.
Осол болохоос өмнө бетонон шонгууд чанаргүй байгаа талаар “Их Богд” компанийн захирал Г.Батцэнгэлд ажилчид нь хэлж байж. Гэвч компанийн удирдлага заримыг нь сольж, нэг хэсгийг нь суурилуулж, “Арыг нь би даана” гэж байсан аж. Хүний биед хүнд гэмтэл учруулсан хэргээр чанаргүй бараа үйлдвэрлэсэн компанийн захирал Д.Энхтуяа, хүмүүсийг ажиллуулж байхдаа аюулгүй ажиллагааны журам зөрчсөн компанийн захирал Г.Батцэнгэл нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар шүүх Д.Энхтуяад таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, түүнийгээ тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ. Харин Г.Батцэнгэлийг найман сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Мөн тэднээс 30 сая төгрөг гаргуулж, хохирогч Д-д олгохоор аймгийн шүүхээс шийдвэрлэжээ.