ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байсан судруудаас тод үсгээр бичсэн нэлээд тооны судар алга болсон асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна. Өнгөрсөн өвлийн тооллогоор 40 орчим судар дутсаныг ССАЖ, МХЕГ, цагдаагийн байгууллагынхан багтсан тооллогын комиссийн гишүүд тогтоосон аж. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхнаар шалгуулахаар шилжүүлжээ. Улмаар тус хүрээлэнд ажилд ороод удаагүй сан хөмрөгийн эрхлэгчийг сэжигтнээр тооцож, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болдыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон шалгаж эхэлсэн байна. Энэ шалгалттай зэрэгцээд тус хүрээлэнгийнхэн мөн дотроо дахин тооллого зохион байгуулж, баринтагтай судруудаа задлан шалгахад данс бүртгэлд нь бичээстэй байгаа судрууд нь олджээ.
Энэ талаар тус хүрээлэнгийн захирал Л.Болдоос тодруулахад “Энд байгаа судар номууд маань данс бүртгэл муутай, бүртгэлд оруулаагүй зүйлс ч байгаа юм. Зарим судлаач маань судар номыг судалж байхдаа залхуурснаас болсон уу, нэг баринтаг дотор хэд хэдэн судрыг нь хамт боосон байсан нь тооллогооор илэрсэн. Улсын комиссийнхон баринтагны гаднаас тоолоод судар дутсан гэж үзсэн юм. Цагдаагийнхан манай ажилтныг шалгаад, намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод, эрүүгийн хэрэг үүсгэх явцад зарим судлаач манай хүрээлэнгээс гэр рүүгээ аваад явсан ном судраа хүртэл авчирч өгсөн. Түүн дотор нь данс бүртгэлд орсон нь ч бий, ороогүй нь ч байгаа юм. Одоо тэгээд дутах биш, судрууд маань илүү гараад байна. Энэ бүгдийг бид бүртгэлжүүлж, цахим сан үүсгэх ажлыг хийж байна. Судар ном бүрэн гүйцэд байгаа талаараа бид албан тоотоор цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэлээ.
Уг хэргийг шалгаж буй Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхнээс лавлахад “Тод үсгийн хэд хэдэн судар дутсан хэргийг манайх шалгасан. Шалгалтын явцад энэ нь дутаагүй болох нь тогтоогдож буй учраас хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт хүргүүлэхээр болсон” гэсэн юм.
Г.ЦОЛМОН