“Төрийн долоон мянга гаруй албан хаагчийг хоморголон халж, тангараг өргөсөн, мэргэшсэн алба хаагчдыг айдаст автуулж, нэг намынхнаа, ах, дүүгээ тэдний оронд тавьсан” гэдэг үндэслэлээр МАН-ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах нэг шалтгаан болгож, УИХ-аар хэлэлцүүлсэн. Ерөнхий сайд халагдсан албан тушаалтнуудын нэрсийг гаргаж өгөхийг сөрөг хүчнээсээ хүссэн ч тийм жагсаалтыг өнөө хэр ирүүлээгүй байгаа гэсэн. Сөрөг хүчнээс тавьж буй дээрх асуудлаар Засгийн газрын тэргүүн “Улс төрийн шалтгаанаар төрийн нэг ч албан хаагчийг халаагүй, өглөө ажилдаа цагтаа ирж үзээгүй, алдаа дутагдал гаргасан хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлсөн” хэмээн тайлбарласан. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг улс төрийн энэ хоёр намынхны аль алинд нь асуудал байгааг олон нийт харж л байна.
Ерөнхий сайдын халаа сэлгээ байгаа хэр онов гэдэг нь асуудлын нэг тал. Тэрбээр төрийн албыг цэвэрлэх гэж халаа сэлгээ хийсэн гэх боловч хууль зөрчдөг, хэрэг зөрчилд удаа дараа холбогдож байсан танил талаа болохоор харсан ч хараагүй мэт өнгөрсний нэг баримт бидэнд олдов. Өөрийгөө Ерөнхий сайд Н.Алтанхуягтай садан төрлийн холбоотой хэмээн хавь ойрынхондоо сайрхаж явдаг М.Өлзийчимэг хэмээх бүсгүй гурван жилийн өмнө Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар (МХГ)-ын даргаар томилогджээ. Түүнийг таних хүмүүсийн өгүүлснээр, энэ эмэгтэй “МАН-ын угшилтай, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийн толгойлж байсан Зүүний хүчний холбооны нэг даргын үүдэнд суудаг нэгэн байсан” юм байх. У.Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар томилогдсоны дараа тус газарт олноороо шургалсан Зүүний хүчний холбооныхны нэг гэнэ. Тэрбээр МХЕГ-ын Тамгын газарт тамга, тэмдэг хариуцсан мэргэжилтнээр нэг жил, Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст улсын байцаагчаар зургаан сар ажиллаад 2010 оны гуравдугаар сараас Дорнод аймгийн МХГ-ын дарга болжээ.
Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагчид тавих ажлын байрны шаардлагаар дээрх албан тушаал хаших хүмүүс улсын байцаагчаар гурван жил, мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх ёстой юм байна. “Евро-Ази” дээд сургууль төгссөн, хувийн сургуульд багшилж байсан гэсэн аман танилцуулгатай ирсэн энэ эмэгтэйд боловсрол, ажилласан байдлыг нь нотлох ямар ч бичиг баримт одоо болтол үгүйд ажиллагсад нь ихэд гайхдаг аж. “МХЕГ-т байгаа” хэмээн өөрөө тайлбарладаг юм байна. Дорнод аймгийн МХГ-ын даргаар ирсэн цагаасаа хэл аманд өртөх болсон М.Өлзийчимэг Монгол Улсын хуулийг үл тоодог Хятадын хөрөнгө оруулалттай компанийн дарга, захирлуудтай илт дотносож, хууль бус үйл ажиллагааг нь хаацайлах болсонд удирдлагад нь ажиллаж буй хамт олон нь төдийгүй нутгийн иргэд дургүйцэх болжээ. Тухайлбал, тус аймгийн Чойбалсан суманд цайр, хар тугалга олборлож, баяжуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай “Шанлуу” компанийн химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл 2011 онд дууссан байжээ. Тус компанийнхан химийн бодис зөвшөөрөлгүйгээр ашиглан үйлдвэрлэл явуулж, уул уурхайн бүтээгдэхүүн хилээр гаргахыг завдсан аж. Хууль бус энэ үйлдлийг тус аймгийн МХГ-ын байцаагчид илрүүлсэн ч М.Өлзийчимэг дарга ажилтнаа дарамтлан, хятадуудад үйлчлэн бүтээгдэхүүнийг нь хилээр гаргажээ.
Дэлхийд цөөхөн үлдсэн үржил шимт хөрс бүхий Дорнодын талыг там болгож буй компани бол газрын тосны “Петрочайна дачин Тамсаг”-ийнхан. Манай Ерөнхий сайдууд, УИХ-ын дарга нараас эхлээд энд очоогүй, шаардлага тавиагүй томчууд үгүй. Энэ компанийн үйл ажиллагаа хуулийн дагуу явж буй эсэхэд төрийн хяналт тавих үүрэгтэй газар нь мэр гэж лийн хяналтынхан. Гэтэл тус газрын дарга, улсын ахлах байцаагчтайгаа хамт ран “Петрочайна дачин Там саг” компанийн хуурай хог хаягдал цуглуулах, ангилах, зайлуулах байгууламж барих 560 мянган ам.долларын тендерийг авчээ. Байгууламжийг хүргэн ахынхаа “Их даян бүүвэй” компаниар бариулсан байна. Улсын комисс энэ бай гууламжийг хүлээж авахаас татгалзсан аж. Гэсэн ч М.Өлзийчимэг эрх мэдлээ ашиглан тус барилгыг улсын комиссынхонд хүлээлгэн өгч дөнгөжээ. Дорнод аймгийн МХГ-ын гурван ажилтан цаг бусаар нас барсныг ажилтнууд нь даргынхаа зүй бус ажиллагаанаас болсон гэж үздэг аж. Зүүн бүсийн Мэргэжлийн хяналтын газруудын чуулга уулзалтыг өнгөрсөн жил Дорнод аймагт зохион байгуулсан байна. Энэ уулзалтад БНХАУ-ын Манжуур хотын Хорио цээрийн газрын дарга тэргүүтэй таван хүнийг М.Өлзийчимэг урьж оролцуулан, төвөөс очсон дарга нараа хүнд бай далд оруулжээ. Тэднийг үдэн гаргах нэрээр архидалт зохион байгуулж, сүүлийн нэг сар гаруй хугацаанд ихээхэн ачаалалтай ажилласан байцаагч, ажилтнуудаа амралтын газарт орхин, шөнө дөлөөр хятадуудаа аваад буцсан гэнэ.
Дорнодын төвөөс 20 гаруй км-ийн цаана байдаг амралтын газраас өглөөгүүр буцаж явсан ажилтнууд нь замдаа осолдож, Байгаль орч ны хяналтын улсын ахлах байцаагч, 58 настай Д, Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч 24 настай Д нар нас барж, улсын хоёр байцаагч, нэг ажилтан нь гэмтжээ. Тэднийг гэртээ амарч байхад дарга нь хүчээр шахам авч явсан аж. Түүнчлэн шөнөжингөө ус шавхаж, жижүүртэй хоносон жолооч Г-г амруулалгүй хөдөө авч явснаас тэр хүн цус харван нас баржээ. Энэ бүх эмгэнэлт явдал М.Өлзийчимэг даргын ажилтай шууд холбоотой байсаар атал дүгнэлт хийхийн оронд “Би хүнд үзүүллээ, осолд орсон манай хүмүүсийн нэг нь морь жилтэй, эрэгтэй хүн байжээ. Тэр хүний дайрлага дайрсан. Осолд орж үхэх учиртай байсан юм байна, энэ осол болоогүй бол долоо хоногийн дараа нас барах байжээ” гэж ярьж яваа төрийн албан хаагчид хэлэх үг ч олдохгүй юм. Дээрх осол, золгүй явдалд хохирогчийн ар гэрийнхэн болон ажилтнууд нь түүнийг буруутгаж буй гэнэ. Гэтэл “Энэ бүх асуудалд намайг яагаад буруутгаад байгаа юм бэ. Тэр хүмүүс эрүүл саруул болоод босоод ирэх юм бол би ажлаа өгөхөд бэлэн байна” хэмээн ярьжээ.
Харьяа байгууллагынх нь даргын буруугаас болж гурвын гурван хүн нас барчихаад байхад МХЕГ-ын удирдлагууд юу ч сонсоогүй мэт суугаа нь хачирхалтай. Магадгүй М.Өлзийчимэгийн хэлснээр, Ерөнхий сайдын садан болохоор арга хэмжээ авч зүрхлэхгүй байгаа юм болов уу. Эх сурвалжийн өгүүлснээр МХЕГ-т түүний элдэв булхай, хууль зөрчсөн үйлдлийг нь баллуурдаж суудаг хэд хэдэн албан тушаалтан байдаг гэнэ. Даргынхаа хууль бус үйлдлийг ажилтнууд нь зүгээр хараад суусангүй. Түүнд хууль ёсны шаардлага тавьсан хүнийг элдвээр дарамтлан, ажлаас нь халах, арга хэмжээ авах зэргээр амыг нь үдсээр иржээ.
Б.ГАЛДАН