Шүүх засаглалын ачааны хүндийг үүрч байдаг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар өчигдөр нийслэлд зөвлөлдлөө. Сум дунд, дүүрэг, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 270, аймаг, нийслэл, захиргааны хэргийн давж заалдах шатны 100 гээд 400 шахам шүүгч ийнхүү цугласны гол шалтгаан нь Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллах хүнээ олонхоороо хэлэлцэх явдал байв.
Өнгөрсөн сарын 15-наас мөрдөж эхэлсэн Шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгох хүний нэрийг шат шатны шүүхийн шүүгчид зөвлөлгөөнөөсөө тодруулах учиртай. Үүний дагуу анхан шатны шүүхийн шүүгчид өчигдрийн зөвлөлгөөнөөрөө Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэгийг дээрх зөвлөлийн гишүүнээр сонгохоор олонхоороо батлав. Түүнээс гадна Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Ц.Батхүү нэр дэвшсэн бөгөөд шүүгчдээс ил санал хурааж, 53 хувийн саналаар Ж.Эрдэнэчимэгийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна.
Давж заалдах шатны шүүхийн шүүгчид ил санал хураах уу, нууцаар хураах уу гэдэг асуудлаар хэлэлцэн, хуралд оролцсон 100 шүүгчийн 66 хувийн саналаар нууц санал хураалтаар нэр дэвшигчээ тодруулахаар болсон юм. Нийслэлийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс шүүгч Д.Дамдин-Од, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс ШЕЗ-ийн Ажлын албаны Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Энхбаатар нарыг нэр дэвшүүлэхээр болсон бөгөөд нууц санал хураалтаар 58 хувийн саналаар Нийслэлийн шүүхийн шүүгч Д.Дамдин-Одыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр батлуулахаар Ерөнхийлөгчид хандахаар боллоо. Мөн энэ үеэр шүүхийн Ёс зүйн хороонд ажиллах хүнээ тодруулав.
Анхан шатны шүүхийн шүүгчид 96.2 хувийн саналаар Оюуны өмчийн газрын дарга, гавьяат хуульч Н.Чинбатыг баталлаа. Давж заалдах шатны шүүхийн шүүгчид Ёс зүйн хороонд Улсын Дээд шүүхийн шүүгч, гавьяат хуульч Д.Пунцаг, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, гавьяат хуульч Ц.Сарантуяа нараас нэгийг нь тодруулахаар санал хураасан юм. Аймаг, нийслэл, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 100 шүүгчийн 74 хувийн саналыг Д.Пунцаг авчээ. Дашрамд дурдахад, ШЕЗ-өөс Д.ДамдинОд, Ж.Эрдэнэчимэг, Д.Пунцаг, Н.Чинбат, Д.Эрдэнэчулуун нарын нэрийг ирэх долоо хоногт Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм байна. Энэ хурлын дараа Монголын шүүгчдийн холбооны гишүүн 200 гаруй шүүгч өнгөрсөн оны ажлын тайлан, цаашдын зорилтоо тодорхойлохоор хуралдсан юм.
Г.РАВЖАА