Германы Холбооны шүүгч Б.Хурцыг албадан авчрах шийдвэр баталжээ
АТГ-ын дэд дарга Б.Хурцыг шүүх хурал 2013 оны дөрөвдүгээр сарын 11-нд ХБНГУын Берлин хотод болох ёстой байсан ч тэрбээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралд оролцоогүй тухай Германы цахим хуудсуудад мэдээлжээ. Уг мэдээлэлд, урьд нь Монголын тагнуулын албанд ажиллаж байсан Б.Хурц УИХ-ын гишүүн агсан С.Зоригийг 1998 онд хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан Д.Энхбатыг гадаадын нэр бүхий улсуудын хил дамнуулан Монгол руу нууцаар авч гарсан, сэжигтний биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдаж буй тухай дэлгэрэнгүй дурдсан байна.
Тухайлбал, “Д.Энхбатыг тодорхой нотолгоогүйгээр хүн амины хэрэгт сэжиглэсний улмаас тэрбээр 2003 онд Европ руу зугтаж, хуурамч нэрээр Франц улсаас орогнол хүсчээ. Харин Унгарын Будапешт хотод Монголын ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан Б.Хурц Д.Энхбаттай холбоотой хоёр эмэгтэйтэй холбоо барьж, 2003 оны тавдугаар сард Францын Гавр хотод уулзахаар болзсон байна. Уулзмагцаа Б.Хурц хамт ирсэн хоёр залуугийн хамт Д.Энхбатыг зодож, ухаан алдуулан Брюсселийн ЭСЯ-нд аваачсан байна. Түүнчлэн Д.Энхбатыг цахилгаанд цохиулж шоконд оруулан, тариа хийснийг Карлсруэ хотын прокурор нотолсон байна. Хэдэн өдрийн дараа түүнийг мөн цахилгаан буугаар ухаан алдуулж, тэргэнцэрт суулган Тегелийн нисэх онгоцны буудалд авчирч, дипломат паспортоо ашиглан нууцаар хил давуулсан аж” гэжээ.
Холбооны шүүхээс гаргасан шийдвэрээр Б.Хурц 2011 оноос хойш эх орондоо чөлөөтэй амьдарч буй ч шүүх хуралд оролцож, мэдээлэл өгөх шаардлагатай байсан тухай Германы www.moz.de, www.morgenpost.de, www.berlinerzeitung. de зэрэг онлайн хэвлэлд тэмдэглэсэн байна. Тиймээс ХБНГУ-ын Холбооны шүүхийн шүүгч түүнийг албадан авчрах шийдвэр гаргаж, шүүх хурлыг хойшлуулсан гэнэ.
Б.ЦЭЦЭГ
Ш.Сүхбаатар: Б.Хурцыг албадан ирүүлэх талаар манайд хүсэлт тавиагүй
Дээрх мэдээллийн мөрөөр прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Цахим хуудаст Б.Хурцтай холбоотой мэдээлэл байсныг уншсан. Энэ асуудлыг хоёр улс дипломат шугамаар л шийд вэрлэх байх. Хэрэв тийм шийдвэр гарсан бол Гадаад харилцааны яамаар дамжиж ирэх ёстой” гэсэн юм.
Харин ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүх баатараас энэ талаар лавлахад “Б.Хурцыг албадан ирүүлэх тухай хүсэлт манайд ирээгүй” гэсэн юм. Мөн хуулийн байгууллагын өөр эх сурвалжууд “Б.Хурц төрийн тусгай алба хаагч. Түүнийг албадан хүргэнэ гэсэн ойлголт байхгүй” гэлээ.
Г.РАВЖАА