“Голомт” банкны бэлэн мөнгөний автомат машин буюу АТМ-аар үйлчлүүлж байсан Шведийн хоёр иргэнийг өнгөрсөн ням гаригийн шөнө дээрэмджээ. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага энэ сарын 28-ны 00.30 цагийн үед ирсэн аж. АОХН-ийн чуулга уулзалттай холбоотойгоор ойрын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй цагдаагийнхан гадаадын иргэд дээрэмдүүлсэн гэсэн мэдээлэл авмагцаа тус хурлын төлөөлөгчид байж болзошгүй хэмээн шуурхай шалгасан байна.
Гэвч уг хоёр иргэн нь олон улсын хурлын төлөөлөгч биш, жуулчлалаар ирсэн, Швед улсын харьяат С, Б нар байжээ. Тэд цагдаагийнханд “150 мянган төгрөгийг маань “Тоyоtа” маркийн автомашинтай хоёр залуу дээрэмдээд зугтсан” гэж ярьсан байна. Үүний дагуу эрэн сурвалжлахад “Тоёота приүс” маркийн автомашин хөлөглөсөн, Дорноговь аймгийн харьяат 23 настай М, 24 настай М нар үйлдсэнийг тогтоож, саатуулан УМБГ-т шалгаж эхэлжээ.
Г.АРВИЖИХ