Налайх дүүрэгт байрлах ХААН банкны салбарт зэвсэглэн халдаж, хүний амь бүрэлгэсэн А.Бат-Ялалтад холбогдох хэргийг тус дүүргийн шүүх өчигдөр дахин хэлэлцлээ. Тэрбээр 2012 оны хоёрдугаар сарын 3-нд “Танай захиралтай уулзахаар ирсэн сурвалжлагч байна” хэмээн дотогш нэвтэрч, салбарын захирал Д.Туяагийн өрөөнд орж, буу тулгасан. Энэ үед салбарын захирлын нөхөр Б цонхоор харж, хаалгыг эвдэн орсон бөгөөд А.Бат-Ялалт түүнийг буудан, хүнд шархдуулж, өөр нэг иргэнийг гэмтээсэн юм.
Улмаар хэргийн газраас зугтахдаа таксины жолоочид буу тулган барьцаалсан билээ. Уг хэргийг өмнө нь тус шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэлэлцэж шүүгдэгч А.Бат- Ялалтад ялын дээд хэмжээ оноосон юм. Давж заалдах шатны шүүхээс “Анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцэж ял оноохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзээд Налайх дүүргийн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үүний дагуу тус шүүх хоёр дахь удаагаа хэлэлцээд, шүүгдэгч А.Бат-Ялалтад 25 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр боллоо. Шүүхийн энэ шийдвэрийг хохирогчийн ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа энэ үеэр илэрхийлж байв.