Энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн Шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар, Шүүхийн ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодруулахдаа анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбоо болон Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүний нэрийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно. Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд нь орон тооны байх бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь гурван жил байхаар тусгасан. Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх шүүгчдийн зөвлөлгөөн хяналтын шатны болон анхан шат, давж заалдах шатны шүүхүүдэд өнгөрсөн баасан гаригт болжээ.
Хяналтын шатны буюу Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр Ерөнхий зөвлөлийн гишүүнд Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн асан Д.Эрдэнэчулуун, “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрын үед (1996-2000) Хууль зүйн сайд асан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Ганболд нарыг нэр дэвшүүлжээ. Дээд шүүхийн шүүгчдийн санал хураалтаар Д.Эрдэнэчулуун олонхийн санал авсан аж. Тэрбээр өмнө нь Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд эхнэр нь энэ сард Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Х.Эрдэнэсувд юм байна. Нийслэлийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс шүүгч Д.Дамдин-Од, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс ШЕЗ-ийн Ажлын албаны Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Энхбаатар нарыг нэр дэвшүүлжээ.
Харин дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Ж.Эрдэнэчимэг, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Ц.Батхүү нар олонхийн санал авсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн ирэх пүрэв гаригт болох зөвлөлгөөнөөр ШЕЗийн гишүүнээр Д.Дамдин-Од, Б.Энхбаатар, Ж.Эрдэнэчимэг, Ц.Батхүү нараас нэгийг нь тодруулах аж. Мөн Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбоо болон Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр гурван хүний нэрийг дэвшүүлэх юм. Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнд Улсын Дээд шүүхээс ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн төвийн эрхлэгч Н.Эрдэнэцогтыг нэр дэвшүүлсэн байна.
Харин давж заалдах шатны шүүхээс гавьяат хуульч Д.Пунцаг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төслийн удирдагч, шинжлэх ухааны доктор (Sc.D), гавьяат хуульч Ц.Сарантуяа, дүүргийн анхан шатны шүүхүүдээс Оюуны өмчийн газрын дарга, гавьяат хуульч Н.Чинбат нар дэвшиж, олонхийн санал авсан байна. Тэднээс нэгийг нь пүрэв гаригт болох хурлаар мөн тодруулах гэнэ. Хяналтын шатны шүүхээс ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшсэн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшсэн Н.Эрдэнэцогт нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ долоо хоногт өргөн мэдүүлэх болжээ.
Г.Цолмон