Нарны гүүрийн зүүн талд “Хурд” компанийн барьж буй орон сууцны барилга дээр осол гарч, хүн нас барсан тухай мэдээлэл өчигдөр ирэв. Осол Баянгол дүүргийн III хороо, Дунд голын хойд тал буюу Нарны болон Энхтайваны гүүрний хооронд байрлах “Хурд” компанийн “Нарны хороолол”-д өчигдөр 09.30 цагийн үед гарчээ.
Барилгын дээд давхраас барилгын хавтан 40 орчим насны эрэгтэйн толгой дээр унаж, газар дээрээ амьсгал хураасан бөгөөд холбогдох албаныхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Тухайн үед ажиллаж байсан барилгын бусад ажилтныг харьж болно хэмээн тараажээ.
Өмнө нь 2012 оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт орших, мөн л “Хурд” компанийн “Рапид Харш” орон сууцны хороололд барилгын өргөгч кран нурж, кранчин нь болох 26 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Б.БЯМБА