Арилжааны банкуудын “Вестерн Юнион” үйлчилгээг ашиглан сүүлийн үед иргэд, банкуудыг залилах хэрэг удаа дараа гарч, хохироосныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэд www.unegui.mn болон интернэт худалдааны цахим хуудаст борлуулахаар зарласан автомашин, эд зүйлийг худалдан авахаар таньж мэдэхгүй, гадаад дотоодын хүнтэй интернэтээр харилцаж, “Вестерн Юнион” гэх хуурамч сайтад нэвтрэн гүйлгээний мэдээллээ өгч, мөнгөө шилжүүлснээр хохирогч болжээ. Манай улсын хоёр иргэн Дани улс руу гүйлгээ хийж, ийм байдлаар залилан хийдэг гэмт этгээдүүдэд 7500 ам.доллараа алдсан байна. Түүнээс гадна иргэн Г энэ оны гуравдугаар сарын 12-нд цахим зарын хуудсанд зах зээлийн үнээс хямдаар автомашин зарна гэх зарын дагуу электрон шуудангаар холбогдож, мөнгө шилжүүлэн залилуулжээ. Залилагч этгээд иргэн Г-г автомашин худалдаж авах мөнгө байгаа эсэхээ нотлохыг шаардсан бөгөөд үүний тулд мөнгөн шилжүүлгийн олон улсын нэр бүхий компанийн дансанд мөнгөө шилжүүлээд, шилжүүлсэн баримтаа электрон шуудангаар өөр рүү нь явуул гэсэн байна.
Хохирогч үүний дагуу мөнгөө шилжүүлээд, төлбөр гуйвуулсан баримтаа электрон шуудангаар нөгөө хаяг руу нь илгээжээ. Гэтэл нууц дугаар, бусад мэдээлэлгүйгээр дансанд мөнгө шилжиж орсон эсэхийг би харах боломжгүй байна. Тиймээс та миний явуулсан хаягаар ороод, мөнгө амжилттай шилжиж дансанд орсон эсэхийг хараад хуулбарыг нь над руу явуулна уу гээд олон улсын мөнгөн гуйвуулгын компанийн албан ёсны цахим хуудсыг дуурайлгаж хийсэн хуурамч цахим хаяг өгчээ. Ингээд Г-ийн мөнгө шилжүүлсэн бүх мэдээлэл, нууц үгийг мэдэж авч мөнгийг авсан байна. Залилагч этгээд фишинг (fishing) гэх интернэт залилангийн арга ашиглан олон улсын мөнгөн гуйвуулгын нэртэй компанийн албан ёсны цахим хуудсыг хуулбарлан хийж иргэн Г-г залилсан болох нь шалгалтаар тогтоогдсон байна.
Фишинг гэдэг нь загасчлах (fishing) буюу хэрэглэгчийг өгөөшинд оруулах замаар банк санхүү болон хувийн мэдээллийг нь хулгайлах арга юм. Уг арга нь кибер гэмт хэргийн нэгэн төрөл бөгөөд үйлдэгдэх арга технологийн хувьд хамгийн хялбарт тооцогддог. Хэрэглэгчийн байнга хэрэглэдэг цахим хуудсуудыг (yahoo, facebook, банкны цахим хуудас г.м) дуурайлган үйлдэж, хувийн мэдээллийг нь авдаг аж. Манай иргэд дээрх төрлийн гэмт хэргийн золиос болох нь ихсэх хандлагатай байгаа гэнэ. Тухайлбал, 2012 онд иргэн Ч “Ланд Круйзер зарна” гэсэн зарын дагуу электрон шуудангаар холбогдож дээрхтэй төстэй аргаар их хэмжээний валютаа залилуулжээ. Тиймээс иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж буй юм.
Г.РАВЖАА