Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхээс Ш.Амандых, Е.Бердимурат, С.Хуаныш, К.Есен, Ж.Жархын, А.Хизатхан гэх зургаан хүнд 2-14 жил хорих ял оноолоо. Тэд 2010 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл малчдын 68 адууг хулгайлж, хил давуулан ОХУ-ын нутагт аваачиж худалдан 35 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм.
Мөрдөн байцаалтын явцад, тэд дээрх хэргээс гадна өөр хэд хэдэн хэрэг үйлдсэн нь илэрчээ. Тухайлбал, 2011 оны нэгдүгээр сард “Тоз-8” маркийн бууны 1180 хайрцаг сум ОХУ-аас хууль бусаар оруулж ирсэн байна. Мөн ингэж явахдаа ирвэсний хоёр арьс хил давуулан харийнханд худалджээ. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Ш.Амандых, Е.Бердимурат, С.Хуаныш, К.Есен, Ж.Жархын, А.Хизатхан нарыг удаа дараа улсын хил зөрчсөн, хориглосон эд зүйл, мал хууль бусаар хил давуулан худалдаж контрбанд хийсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Шүүх хурлыг яллагдагч нарын төрсөн нутаг болох тус аймгийн Улаанхус суманд хийжээ.
Г.РАВЖАА