Монгол цэргийн хамгийн дээд цолтнууд өчигдөр нэгэн дор цуглаж, халуун яриа өрнүүллээ. Генерал цолыг манай оронд хэрэглэж эхэлсний 69 жилийн ой энэ жил тохиож буй. Офицер хүний мөрөөдөл болсон цэргийн дээд цолыг хүртсэн 160 орчим хүн байдаг. Монгол генералын өдрийг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өчигдөр тэднийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлчээр алтан мөрдэстнүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Үүнийг энэ удаад Хил хамгаалах ерөнхий газраас зохион байгууллаа.
Алтан мөрдөстнүүд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай уулзсаныхаа дараа ХХЕГ-т ирэхэд тус байгууллагын офицер, ахлагч нар алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүтэй угтсан бол гэргий нарт нь цэцгийн баглаа барилаа. Дараа нь ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ш.Лхачинжав, дэд дарга, хошууч генерал С.Гүржав нар тэдэнд хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа, хэрэглэж буй тоног төхөөрөмж, зэвсэг техникээ танилцуулав. Генералууд ХХЕГ-ын Шуурхай удирдлагын төвийн байраар орж, үйл ажиллагаатай нь танилцаад өнд өр сэтгэгдэлтэй гарцгаасан.
Тус төв орчин үеийн дэвшилт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хилийн зурвасыг хиймэл дагуулаар хянаж байгаа нь тэдэнд таалагджээ. Энэ үеэр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, хошууч генерал О.Үржин “Бид жилдээ нэг удаа Монгол генералын өдрөөр ингэж уулздаг. Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүмүүсийн хамгийн тэргүүнд нь цэргийн дээд цол хүртсэн хүмүүс байдаг. Тэднийг залуу үеэ эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэхэд ашиглавал их хүч болно. Би Монгол Улсын 123 дахь генерал. Энэ тоонд их бэлгэшээдэг. Монголчууд бид нэг, хоёрын гурав аа гэж хүч нэмдэг шүү дээ. 2001 онд энэ цолыг хүртэхдээ намайг хүч оруулах гэж олгож байна гэж бодсон. Би гурав дахь мянганы, шинэ зууны Монгол Улсын анхны генерал болж байв. Түүнээс хойш араасаа 47 дүү дагуулжээ” гэсэн юм. Үнэхээр цэргийн дээд цолтны алхаа, жавхаа тэдэнд байгаа юм. Тиймээс О.Үржин генералын хэлсэнчлэн Монгол Улсын үе үеийн генералуудын мэдлэг, чадвар, авьяас билэг, ажил амьдралын их туршлагыг залуу офицер ахлагч нар төдийг үй, залуу үеийг эх оронч сэтгэлгээгээр хүмүүжүүлэхэд ашиглах хэрэгтэй санагдав.
Г.ЦОЛМОН