Ховд аймагт гурван сартай хүү алга болоод жил орчим болсон ч олдохгүй байгаа аж. Иргэн Ж өнгөрсөн оны долдугаар сард нагац ээжийг нь бие засах хооронд хүүг хулгайлжээ. Хүүг авч явсан Ж, түүний аав М нарыг Ховд аймгийн Цагдаагийн газраас хүүхэд хулгайлсан хэргээр шалгаж байна.
Дээрх хэрэгт сэжиглэж буй залуугийн аав М-ийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа урьдчилан цагдан хорих байранд хорьсон бол, Ж-г насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар батлан даалтад гаргаж, байцааж буй гэнэ. Мөн түүний эх О-г эрэн сурвалжилж байгаа юм байна.
Алга болсон хүүг хоёр сартай байхад ээж нь нас барсан бөгөөд асран хамгаалагч болох нагац эмээ Б.Долгормаатай утсаар холбогдоход “Зээ хүү минь хулгайлагдаад арван сар болж байна. Ж-гээс хүүг хаана байгааг асуухаар юу ч хэлдэггүй. Хүүгээ эсэн мэнд, эрүүл саруул өсөж байгаа гэдэгт эргэлзэж, санаа зовж байна” гэв.
Э.ЭРДЭНЭ