АТГ-ын Ажлын хэсэг Өмнөговьд ажиллахдаа, тус аймагт нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмуудыг шалгажээ. Тус аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Даланзадгад сумын нутаг дэвсгэрт түр шилжин суурьших иргэдийг бүртгэх, хяналт тавих журам”, “Гадаадын иргэнийг бүртгэх журам” нь хууль тогтоомж зөрчсөнийг тогтоожээ.
Тухайлбал, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд гадаадын иргэний Монгол Улсад оршин суух болон, түүнийг бүртгэх журмыг батлах эрхийг Засгийн газарт өгсөн байдаг. Гэтэл Өмнөговь аймгийн Даланзадгад суманд гадаадын иргэн ирсэн бол ажлын 16 цагийн дотор оршин суугаа багийн Засаг даргад бүртгүүлэх журам баталсан байж. Түүгээр зогсохгүй гадаадын иргэн хаягийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд 5000 төгрөгийн хураамж авч байхаар, хэрэв бүртгүүлээгүй бол 30 мянган төгрөгөөр торгохоор тусгасан аж.
Мөн “Даланзадгад сумын нутаг дэвсгэрт түр шилжин суурьших иргэдийг бүртгэх, хяналт тавих журам” нь Иргэний бүртгэлийн тухай хуулиар тогтоосон Засгийн газрын эрхийг мөн зөрчиж байжээ. Тухайлбал, түр шилжин суурьшиж буй иргэнээс 500 төгрөгийн хураамж авна. Иргэн өөрөө үндсэн захиргаанаас шилжихийг хүсээгүй тохиолдолд 10 мянган төгрөгийн нөхөн төлбөр авахаар журам баталсан аж. Энэ нь тэмдэгтийн хураамжийн хууль болон Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг ч зөрчжээ. Түр шилжин суурьшиж байгаа иргэн ажлын гурав хоногийн дотор тухайн багийн Засаг даргад биеэр очиж бүртгүүлнэ гэх заалт уг журамд байгаа нь мөн л дээрх хуулийг зөрчиж байгааг АТГ-ынхан тогтоожээ. Тиймээс АТГ-аас холбогдох хууль, Засгийн газрын эрхээс дээгүүр “жаалсан” дээрхи хоёр журмыг хүчингүй болгуулжээ.