Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг нарт холбогдох хэргийг энэ сарын 15-нд Нийслэлийн шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон шийтгэлийг хөнгөрүүлж, бусад шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Тодруулбал, түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авч 107 тусгай зөвшөөрлийг олгосон хэмээн буруутгаж, тэдгээрийг олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгон төр өөрийн мэдэлд авах шийдвэрийг шүүхээс гаргасан. Гэвч дээрх тусгай зөвшөөрлүүдийн заримыг нь эзэмшдэг 15 компанийн төлөөлөгч өчигдөр мэдээлэл хийж, Хохирогчдын түр зөвлөл байгуулсан тухайгаа мэдээлэв.
Ашигт малтмалын газарт зохих журмын дагуу өргөдлөө өгч, 10 гаруй шат дамжлага дамжсаны эцэст Д.Батхуяг даргын гарын үсэг бүхий тусгай зөвшөөрөл авснаар буруутан болж хувирснаа хохирогчдын нэг “Алтраг ахас” компанийн захирал Б.Сарангуа учирлав. Харин өмгөөлөгч Ж.Энхчулуун “Мөрдөн байцаалт болон шүүх ажиллагааны явцад, тусгай зөвш өөрөл эзэмшдэг компаниудын төлөөлөгчдийг ганц ч удаа дуудаж байцаагаагүй. Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд нарийн зохицуулагдсан байдаг. 15-16 шат дамжлага дамжина. Тэдгээрийг алгасаад, эсвэл холбогдох эрх мэдэлтнүүдэд бүгдэд нь нөлөөлөөд тусгай зөвшөөрлөө авсан гэж үзсэн бол холбогдох этгээдүүдийг бүгдийг шалгах учиртай. Гэтэл тусгай зөвшөөрлүүдийг нэг бүрчлэн шалгаж тогтоолгүй шүүх байгууллага хөнгөн хуумгай шийдвэр гаргасан” гэв. Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд анхан шатны шүүхийн шийдвэрийг огт мэдэгдээгүй. Тэр ч бүү хэл зарим аж ахуйн нэгж төлбөрөө төлөх, лицензийнхээ хугацааг сунгуулахаар очих үедээ л “Шүүхийн шийдвэрийн дагуу танай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн” гэсэн хариу сонссон хэмээн тэрбээр ярилаа.
Өдгөө Хохирогчдын түр зөвлөлд нэгдээд байгаа “Алтраг ахас”, “Нутгийн гантиг”, “Лотус баялаг флурспар” зэрэг 15 компани хайгуулын зардалдаа нийт 17.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Авлига өгч, тэдгээр лицензийг хууль бусаар авсан бол тэднийг бас шалгах учиртайг сануулаад, холбогдох байгууллагуудаар шалгуулахад бэлэн байгаагаа уламжиллаа.
Б.АНАР