“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь сэтгүүлчидтэй уулзахдаа “Энэ компанид долоон тэрбумын өртөгтэй, чанаргүй, машин техникт нь таарахгүй дугуй шахсан. 1.2 тэрбумын өртгөөр авсан дугуй нь чанаргүй, амархан хагардаг. Харин 3.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн нь юунд ч таарахгүй. Хэн ч авахгүй” байгааг мэдээлсэн. Түүний зэрэгцээ Үндэсний аудитын газраас шалгалт хийгээд хэт өндөр үнээр дугуй шахсаныг тогтоож, цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн аж.
Энэ мэдээлэлтэй холбоотойгоор тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир нарыг өндөр үнээр дугуй шахсан байж болзошгүй хэмээн хардаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компанид 1.2 тэр бум төгрөгөөр дугуй нийлүүлсэн компани нь “Комит сервис”. Дэд сайд Э.Тамир энэ компанийг удирдаж байсан юм билээ. “Эрдэнэс Тавантолгой”-д өндөр үнэтэй, таарахгүй, чанаргүй дугуй нийлүүлсэн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж буй ч дээрх хоёр хүнийг холбогдуулж шалгаагүй гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна.
Харин энэ хэрэгт холбоотой, чанаргүй дугуй нийлүүлсэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн захирлууд нь мөнгөө аваад аль хэдийнэ хил давсан учир хэргийг түдгэлзүүлж болзошгүй байгаа гэсэн.
Г.РАВЖАА