Чанаргүй барилгаа ашиглалтад өгөхийн тулд төрийн албан хаагчид гурван өрөө орон сууц авлигад өгсөн БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай “Шүнди” гэх компанийн захирлыг прокурор хамгаалж байна гэж өчигдөр тус компанийн барьсан байрны оршин суугчид, тэдний эрх ашгийг хамгаалж буй өмгөөлөгч мэдэгдлээ. Баянгол дүүргийн VI хорооны нутаг, “Кёкүшюү” цамхгийн баруун талд 2008 онд “Шүнди” компани 66 айлын 12 давхар орон сууц барьсан аж. Ингэхдээ барилгын батлагдсан зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын байршил, хэмжээг тогтоосон бүдүүвч, барилгын ерөнхий төлөвлөгөөг үндэслэсэн зай хэмжээ, өндөржилт, картограммын зураг гэх мэт шаардлагатай баримт бичгээ огт бүрдүүлээгүй атлаа ажлаа эхлүүлсэн аж. Хэдийгээр холбогдох газрууд барилгыг зогсоох мэдэгдэл өгч байсан ч манай улсын хууль тогтоомжийг үл хүндэтгэсэн Ван Сэн Тон гэгч эр барилгаа барьж дуусгажээ.
Улмаар улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд нийслэлийн Барилга,э хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер Ө.Сүхбаатарт 94 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван өрөө орон сууц өгч, “Улсын комисс хүлээн авахад татгалзах зүйлгүй, чанар сайтай барилга” хэмээн дүгнэлт гаргуулсан байна. Гэтэл өнөөдөр тус барилга нь компани хоорондын хөрөнгийн маргаан дэгдээхийн зэрэгцээ, чанаргүй материал ашигласны гор гарч, оршин суугчдыг бухимдуулж эхэллээ. Тус байрны оршин суугчид “Барилгын чанар гэж авах юмгүй. Ус алдсанаас бүх айлын шал ховхорсон. Ус их алдах болсон шалтгаан нь барилгын норм дүрмийг зөрчиж ажилласнаас болсон гэдгийг МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Санжмятав тогтоосон. Одоо айл уудын ус, дулаан дамжуулах хоолойнууд зэвэнд идэгдсэн төдийгүй, зэвтэй ус гоожиж, хэрэглэхэд тун бэрх байгаа. Гэтэл чанаргүй барилга ашиглалтад оруулсан “Шүнди” компанийн захирал Ван Сэн Тонд манай хууль хяналтын байгууллагынхан хариуцлага тооцож чадахгүй, өмгөөлж хамгаалан хаацайлж байгааг юу гэх вэ. Эрүүгийн хуульд чанаргүй барилга барьж ашиглалтад оруулсан бол хариуцлага хүлээлгэх заалт бий.
Гэтэл түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Гэрэл үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Түүгээр зогсохгүй Ван Сэн Тон нар хуурамч нотлох баримт бүрдүүлж, шүүхэд гаргаж өгсөн байтал түүнийг нь судлалгүй, манай улсын хуулийн байгууллагаар тоглож байхад үл ойшоон хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Тэгээд авлига авсан хүнийг нь шийтгэчихээд, чанаргүй барилга барьж ашиглалтад оруулсан, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, авлига өгсөн хятад хүний хэргийг хэрэгсэхгүй болгож байгаад бид гайхаж байна. Ван Сэн Тонд холбогдох хэргийг прокурор О.Гэрэл хэрэгсэхгүй болгосон тогтоолыг Улсын ерөнхий прокурор хянаж, үндэслэлг үйгээр хэрэгсэхг үй болгосон тул сэргээн шалга гэсэн үүргийг нийслэлийн Прокурорын газарт өгсөн. Гэтэл Ерөнхий прокурорынхоо тушаал, үүрэг даалгаврыг НПГ-ын хяналтын прокурор огт хэрэгжүүлэхгүй байна. Үүнийг бид БНХАУын иргэн Ван Сэн Тоныг прокурор хамгаалж, хаацайллаа гэж үзэж байна” гэсэн юм.