УЕПГ-ын Сургалт судалгаа, хамтын ажиллагааны төвөөс энэ оны эхний улиралд төрийн алба хаагчдын үйлдсэн гэмт хэргийг судалж, холбогдох мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлжээ. 2013 оны нэгдүгээр улиралд 231 эрүүгийн хэрэгт 289 төрийн алба хаагч холбогдон шалгуулсан нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 67 хэргээр буюу 29 хувиар өссөн гэнэ. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 51 нь төрийн тусгай алба хаагч, 53 нь төрийн захиргааны ажилтан, 37 нь улс төрийн алба хаагч, 148 нь төрийн үйлчилгээний байгууллагын ажилтан аж. Тэдний 141 нь эрэгтэй, 148 нь эмэгтэй юм байна.
Хууль хяналтын байгууллагууд шалгасан 231 хэргээс 64-ийг нь хэрэгсэхгүй болгож, 25-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бол 133 хэргийн байцаалт дуусаагүй байна. Шүүхээр таван хүний хэргийг шийдвэрлэж, хорих ялаар шийтгэжээ. Төрийн алба хаагчид хүний амь нас эрүүл мэндийн эсрэг 73, өмчийн эсрэг 44, албан тушаалын 49, авлигын 15 хэрэгт холбогдсон байна.
Г.ОРЧЛОН