Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд өнгөрсөн сарын сүүлчээр “Сөүл Роял каунти” хорооллын 309 дүгээр байранд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглож байсан хүмүүсийг саатуулсан талаар хэвлэлд мэдээлсэн. Энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулсан юм. Бидэнд өгсөн мэдээллээр покер тоглож байсан хүмүүсийг Дамбын гэгддэг Хишигжаргал цуглуулсан бололтой юм. Тэрбээр хэд хэдэн хүнийг “Покерийн олон улсын тэмцээнд оролцох гэж байна. Бэлтгэл хийх хэрэгтэй боллоо. Хамт жаахан тоглооч” гэж дуудсан байна. Түүний дуудсан хүмүүс бие биедээ мэдэгдэж, арван хэдүүлээ болсон аж. Тэдний гурав нь эмэгтэй, эмэгтэйчүүдийн нэг нь дилер хийж суусан гэнэ.
Цагдаагийнхан тэднээс багагүй мөнгөөр үнэлэгдэх жетон хурааж авсан байна. Покерийн олон улсын тэмцээнд оролцох Д.Хишигжаргалын бэлтгэл хангагчдын дунд УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Баттүвшин байжээ. Хачирхалтай нь, тэрбээр Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн захирлаар өнгөрсөн онд томилогдсон, төрийн албан хаагч юм. Төрийн албан хаагч покерчдийн бэлтгэл хангагч хийгээд сууж байсан нь цагдаагийнхны гайхшлыг төрүүлжээ. Мөн тэдний дунд урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын хүү Баясгалан нарын залуус байсан гэнэ. Тэдэнд холбогдох хэргийг УМБГ-т шилжүүлсэн аж.
Б.Галдан